Эзэнгүй мөнгө үржүүлж, байрны урьдчилгаа бүрдүүлдэг тариаланчдыг дэмжих сан

 

Бусдын өмнүүр орж боломжийг нь хулгайлдаг дараагийн “ЖДҮ”-гээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих санг нэрлэж, тус сангаар дамжуулж хэрхэн “мөнгө угаадаг”-ийг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаж тогтоосон талаар “Зууны мэдээ” сонин нийтэлсэн билээ. Тэгвэл төрийн мөнгө уйлдаггүйн жишээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр давтагдаж байгааг манай сонин үргэлжлүүлэн хөндөж байна.

 

ХХААХҮЯ-НЫ АЖИЛЧДЫН БАЙРНЫ УРЬДЧИЛГААНЫ 100 САЯ, ХУВИЙН КОМПАНИАС 2.262.2 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үндсэн үүрэг нэрнээсээ л ойлгомжтой. Хууль журамд ч гэсэн үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж заажээ. Гэтэл төсвийн мөнгийг зарцуулдаг тус сан тариаланчдыг дэмжих бус ямар ч эзэнгүй их хэмжээний хөрөнгө хуримтлуулахаас гадна яамны ажилчдад орон сууцны урьдчилгаа олгож, барилга бариулж, төсөл санхүүжүүлэгч “компани” болж хувирсан гэхэд хол зөрөхөөргүй болжээ. Мөн хэдэн арван саяар хэмжигдэх барааг ямар ч тушаал шийдвэр, тэмдэглэлгүйгээр данснаас хассан. Сангаар орж гардаг мөнгөний тайлан тодорхойгүй. Их хэмжээний авлага, өрөндөө баригдсан зэргээр тоочиж барамгүй зөрчил дутагдал илэрсэн учраас төрийн аудитын байгууллагаас “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байгаа юм. Энд нэг зүйлийг тодотгоход, өнгөрсөн жилээс Тариалан эрхлэлтийг дэмжих санг Мал аж ахуйтай нэгтгэж Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэй болгоод байгаа юм. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хамгийн сүүлийн жилийн тайлан буюу 2019 оны үйл ажиллагаа ямар байсныг энд дурдаж буйг хэлэх нь зүйтэй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд “Axplorer” программ ашиглаж байгаа ч дотоод хяналт үр нөлөөгүй гэж үзжээ. Сангийн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 11.133.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Мөн тайлант онд 2.348.8 мянган төгрөгийн бараа материалын дансны ангиллыг буруу ангилж бүртгэж тайлагнасан нь тогтоогджээ. Тухайлбал, улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн хэрэгжээгүй үлдэгдэлд 2019 оны жилийн эцсийн байдлаар 168.9 сая төгрөгийн алданги тооцоогүй, 26.1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлүүлэлгүйгээр дэмжлэг олгосон. Тариаланчдад олгосон дэмжлэгийн эргэн төлөлт 405.0 сая төгрөгийн орлогоос 128.9 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй. Төсвийн төвлөрүүлэн захирагчид 2.836.6 сая төгрөгийн алдаа, зөрчилд найман зөвлөмжийг менежментийн захидалд дурдсан байна. Мөн харьяа байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар 5.624.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 5.483.9 сая төгрөгийг залруулж, 5.3 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага, 134.7 сая төгрөгийн алдаа зөрчилд дөрвөн зөвлөмж хүргүүлсэн байна. Тухайлбал, мөнгөн гүйлгээний тайланд өмнөх оны гүйцэтгэл 271.3 сая, үр дүнгийн тайланд 276.9 сая төгрөгийг тайлагнаагүй.

Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 1.927.8 сая төгрөг, эцсийн үлдэгдэл 246.1 сая төгрөг болж 1.681.7 сая төгрөгөөр, авлага 14.104.9 сая төгрөгөөр буурсан байна. Тухайлбал, тариаланчдад 2018 онд дэмжлэгийн зээлээр олгосон ОХУ-ын бага оврын тракторын 25.399.1 сая төгрөг, үрийн буудайн дэмжлэгийн 17.921.0 сая төгрөг, гурилын үйлдвэрт олгосон улаан буудайн 19.394.0 сая төгрөг, шатахууны дэмжлэг 9.734.1 сая төгрөг, жимс, чацарганын суулгац 8.847.6 сая төгрөгийн авлагатай. ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийн зээлийн авлага 6.000.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Байгууллагаас авах авлагад бага оврын трактор төсөл 20.324.5 сая төгрөг байх жишээтэй. Авлага дунд нэг сонирхол татахаар зүйл байгаа нь иргэд аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс авах авлагад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилчдад 2010 онд байрны урьдчилгаа зээл олгосноос 50.0 сая төгрөг төлөгдөж хугацаа хэтэрсэн 101.2 сая төгрөгийн зээлийн авлага байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон зээл КР-1 төслийн 1.533.5 сая төгрөг, КР-2 төслийн 2.262.2 сая төгрөгийн 2009-2015 онуудад үүсчээ.

 

ЭЗЭН ТОДОРХОЙГҮЙ 430.7 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ЖИЛ БҮР ХУРИМТЛУУЛСАН

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо, дизель түлшний дэмжлэг тариаланчдад олгож, гэрээнд зааснаар тайлант оны арванхоёрдугаар сард багтаан мөнгөөр болон улаан буудайгаар буцаан төлүүлэхээр тусгасан боловч, авлага, өглөгийг тооцоо нийлсэн акт байхгүй. Уг авлагаас 39.791.9 сая төгрөгийг барагдуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, 2.099.8 сая төгрөгийн авлага хугацаа хэтэрсэн байгаа аж.

Нөөцөд байсан хэрэглэхээргүй болсон 17.1 сая төгрөгийн бараа материалыг акталж устгахаар болсон ч ямар нэг шийдвэргүйгээр данснаас шууд хассан. Булган, Сэлэнгэ, Хөтөл салбаруудад тайлант оны төсөвт тусгаагүй 201.6 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлсэн нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн байна. Хамгийн ноцтой нь урьдчилж орсон орлого дансанд эзэн холбогдогч нь тодорхойгүй 430.7 сая төгрөгийг жил бүр хуримтлуулан бүртгэсэн боловч тухай бүр ААНБ, иргэдтэй тооцоо нийлж уг орлогыг бууруулах арга хэмжээ аваагүйгээс авлага, өглөг нэмэгдэх нөхцлийг бий болгосон гэж аудитын байгууллага дүгнэж байна. Энэ мэтээр тариаланчдыг дэмжих үүрэгтэй сангийн үйл ажиллагаа үндсэн үүрэг зорилгоосоо хазайж, төсвийн мөнгийг үр ашиггүй гарынхаа салаагаар урсгаж байдгийг дараагийн дугаартаа үргэлжлүүлэх болно.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL: