ХААН банкнаас түрүүлээд монголчууд зарагдчихав уу

T5ZDZd0d26BCFDy69DbcМонголчууд дотооддоо ХААН банкны хувьчлалд анхаарлаа хандуулж, томчууд нь хөлөө жийлцэж байх зуурт бид бүгдээрээ хакеруудын хар зах дээр зарагдчихсан байж мэдэх нь ээ.

Тодруулбал хэдхэн хоногийн өмнө хакеруудын сайтад “Монгол Улсын 2.3 сая иргэний дөрвөн сая орчим мэдээллийг 700 ам.доллараар худалдаалж байна” гэх зар байршсан. Тодруулбал, 2015 онд байгуулагдсан 700 мянга орчим гишүүнтэй Raidforums сайтад “PieWithNothing” гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл болон гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, хэрэглэгчийн болон бусад мэдээллүүдийг зарна гэсэн байв.

Энэ тухай Тагнуулын Ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ “Дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс харахад тус сайт дээр тавигдсан мэдээллүүд Хаан банкных гэж дүгнэсэн. Манайхаас ажлын хэсгүүд гарган шалгаж байгаа” хэмээн УИХ-ын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр мэдэгдлээ.

Харин ХААН банкны зүгээс “Тухайн сайт дээр 2.3 сая иргэний мэдээлэл гэсэн боловч яг хэдэн хүний мэдээлэл байгаа нь тодорхойгүй. ХААН Банканд хийсэн шалгалтын явцад тодорхой тооны хүний мэдээллийг ирүүлж, тулгалт хийсэн байгаа, зарим мэдээлэл нь манай банкны мэдээлэл мөн. Гэхдээ бид Монгол Улсын Банкны тухай хуулийн 7.2-р заалт болон бусад хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагуудад мэдээллийг өгөх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлж, хуульд заасны дагуу ажилладаг. Эдгээр хүний мэдээлэл яг аль байгууллагаас алдагдсаныг эцэслэн дүгнээгүй байна. ХААН Банкны харилцагчдын мэдээллийг шифрлэж буй хэлбэр нь тухайн гадаад сайтад орсон мэдээллийн шифрлэсэн байдалтай таарахгүй байгааг урьдчилсан байдлаар тогтоосон.” хэмээн биеэ өмөөрч байна билээ.

Юутай ч хуулийн байгууллага шалгаж нягтлах нь тодорхой. Харин ХААН банканд бүртгэгдсэн монголчуудын мэдээлэл чухам хаанаас бүр тодруулбал аль байгууллагаас тийнхүү задарч хакеруудын гарт орсон бэ гэдэг нь ихээхэн анхаарал татна.

Түүгээр ч зогсохгүй яг ХААН банкны хувьчлалын “маафаан”-тай зэрэгцэн энэ асуудал сөхөгдөж байгаа нь ардаа чухам юу агуулж байна вэ.

Монголчууд нийтээрээ ХААН банкнаас “хамааралтай” болчихсон. Бүр дээр нь ихэнх нь үндсэн ажил, үл хөдлөх, эзэмшлийн мал, эрхэлж буй бизнестэйгээ тус банкны барьцаанд орчихсон. Тэр ч утгаараа хулгайч хулгайчийг бариарай гэдэгтэй адил үйл явц өрнөж, Монголын томчууд ХААН банкны эзэмшлийн асуудалд хэрхэн хандаж байгаагаас шалтгаалж хакеруудын хандлага ч идэвхжээд байгаа юм биш биз.

 

https://erennews.mn/article/51296


URL: