Европ тив “КОВИД-19”-ийн халдварын улмаас мөхлийн ирмэгт ирж байна

АВСТРИ

Австри, Голланд /Нидерланд/-ад иргэд “КОВИД-19”-тэй тэмцэхэд чиглэсэн хязгаарлалтыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал хийснээр халдварын тохтолдлыг улам нэмэгдүүлж байгааг Европын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Даваа гараг /2021.11.22/-аас эхлэн иргэдийг зөвхөн ажилдаа явах, хэрэгцээт хүнсний зүйл авахаар хүнс, барааны дэлгүүрээр үйлчлүүлэх, спортоор хичээллэх тохиолдолд л гэрээсээ гарахыг Австри улс зөвшөөрсөн. Гэтэл сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 14 мянга гаруй шинэ тохиолдол тус улсад бүртгэгдээд байна. Өмнө нь Австрийн Канцлер Александр Шалленберг 2022.02.01-нээс эхлэн тус улсад коронавирусийн эсрэг вакцины тунд заавал хамрагдахыг үүрэг болгосноо мэдэгдсэн. Харин түүний энэ шийдвэрийг ард иргэд нь эсэргүүцэж, бямба гараг /2021.11.20/-т хэдэн арван мянган хүн эсэргүүцэж жагссан юм.

ГОЛЛАНД

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Голландад “КОВИД-19”ийн хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэд гудамж талбайд жагссан. Тус улсад өдөрт 23 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь сүүлийн долоо хоногийн дундаж тохиолдлын тооноос бараг 1,5 мянгаар илүү байгаа аж.  Мөн тус улсад коронавирусийн халдварын улмаас 132 хүн нас бараад байна.

ГЕРМАН

Германд өдөрт 30,5 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 62 хүн нас баржээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийнхтай харьцуулахад бараг хоёр дахин бага байгаа юм. Өмнө нь 65 мянга гаруй халдвар бүртгэгдэж байв. Харин өвчлөлийн индекс буюу долоо хоногт 100 мянган хүнд ногдох коронавирусийн шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Даваа гараг /2021.11.22/-т халдварын тохиолдол 386,5 байсан бол өнгөрсөн баасан гараг /2021.11.19/-т 340,7 байсан юм.

Германы Эрүүл Мэндийн сайд Йенс Спан өвчлөл нэмэгдэж буй нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ, тус улсад өвлийн эцэс гэхэд бараг бүх иргэд вакцинд хамрагдана, эсхүл бүгд коронавирусийн халдвар авна, үгүй бол бүгд нас барна гэсэн гурван таамаг дэвшүүлэв. Энэ нөхцөл байдлын шалтгаан нь коронавирусийн “Дельта” хувилбар гэдгийг тэрбээр онцлов.

ИХ БРИТАНИ

Үүний зэрэгцээ, Их Британид өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын бараг 45 мянган шинэ тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс даруй 5 мянгаар илүү байна. Мөн халдварын улмаас 45 хүн энджээ. Английн хүн амын 52 орчим хувь нь, Шотландын 50-иас дээш насны хүн амын 56 орчим хувь нь “КОВИД-19” вакцины гурав дахь тунг хийлгэсэн гэсэн мэдээлэл байна. Уэльс, Умард Ирландад дээрхитэй ижил төстэй статистик мэдээ гараагүй байна.

Их Британийн Эрүүл Мэндийн сайд Саджид Жавид өмнө нь тус улс хүн амыг заавал вакцинжуулах төлөвлөгөө, шийдвэр гаргаагүй гэж мэдэгдэв.

ЧЕХ, СЛОВАК

Чех, Словак улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал мөн муудаж байгаатай холбогдуулан даваа гараг /2021.11.22/-т вакцинд хамрагдаагүй оршин суугчдад хязгаарлалт тогтоосон. Тиймээс “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгээгүй хүмүүст паб, үсчин, зочид буудал, олон нийтийн арга хэмжээнд оролцох эрхийг нь хязгаарласан. Чехэд хүн амын 60 хувь нь, Словакт 46,8 хувь нь нэгээс доошгүй коронавирусийн эсрэг вакцины тунг хийлгэсэн гэдгийг Европын хэвлэлүүд онцолж байна.

ДЭМБ

Өмнө нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ Европт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаад ноцтой түгшиж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, ДЭМБ-ын Европын төлөөлөгчийн газрын захирал доктор Ханс Клюге хатуу арга хэмжээ авахгүй бол 2022 оны гуравдугаар сар гэхэд Европ тивд дахин 500 мянган хүн коронавирусийн улмаас эндэж болзошгүйг анхааруулсан.

(Эх сурвалж: Interfax)


URL:

Tags: