Допинг хэрэглэж, даваа наймаалцвал хатуу хариуцлага тооцдог болъё

p8UmXKg9JICekUfWUDqsНэг тийм хүүхэлдэйн кино байдаг даа. Найз хүүхнээ бусдад алдахгүй тулд эрч хүч, тамир  тэнхээ оруулдаг, бас том болгодог витамин ууж байгаад өрсөлдөгчөө нам намнадаг. Гэсэн ч жинхнээсээ өөрийнх нь хүч чадал биш болохоор төд удалгүй  хүүхнээ алдчихдаггүй юу даа.

Тэгвэл манай хэдэн  бөхчүүдэд л яг тийм зүйл тохиолдсоор мөн ч удаж байна.

Эр бяр, хүч чадал, уран мэх, ухаан самбаагаа гайхуулан байж наадамчин олноо баясгадаг эртний сайхан уламжлалаа ээтэн хоншоортой монгол гутлаараа гишгэлсэн хэдэн бөхөөс болж Монголын үндэсний бөх, бөхчүүдийн нэр хүнд ёстой л шороотой хутгалдаад байгаа.

Гэтэл “Их Наран улсын үндэсний бөх СҮМО”-г хар. Тэд даваа наймаалцах, сэргээш хэрэглэх нь битгий хэл ахмад цолтой бөхчүүдийнхээ өмнүүр орж ярих, өмнө нь орж алхах, хоол идэхдээ халбага савхаа түрүүлж барьдаггүй гэх зэргээр жинхэнэ дэг жаяг, ”соёлт диктатур” тэнд бий. Тийм дээ ч  өнөөдөр Японы мэргэжлийн сүмод дэлхийн өнцөг булан бүрээс ирж барилдаж, дэлхий тэр чигтээ  сүмог сонирхож харж байдаг. Харин япончууд үндэсний  өв соёлоо  өнө эртний  тэр л хэвээр нь хадгалж чадаж байна.

Гэтэл монголын бөхчүүдэд үнэндээ жудаг алга. Буруу зөрүү зүйлээ “бөх хүн бүдүүн, хадуун” гэх үгээр хамгаалаад яваад байх санаатай. Тэгвэл үнэндээ тэдний энэ арга заль  арь эрт хоцрогдчихоод байна.

Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас  жил бүр хориглосон эмийн жагсаалтыг гаргадаг. Манайд ч үүнийг нь орчуулж гарын авлага хэлбэрээр гаргаж тараадаг. Эдгээр эмийн жагсаалтад багтсан эмнээс хэрэглэсэн л бол ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН” гэж үздэг.

Дэлхийн хэмжээнд 40 орчим магадлан итгэмжлэгдсэн лаборатори байдгаас манай улсад хамгийн ойр нь Москва, Бээжин, Сөүлийнх. Бид тэднээр л үйлчлүүлж ирсэн. Шинжилгээний хариу солигдсон, өөрчлөгдсөн гэж элдэв яриа гаргаж жүжих ч хэрэггүй. Мөн нэгэн аваргын хэлснээр түрүүлсэн бөх шууд шинжилгээний өрөө рүү очиж шинжилгээ өгдөг зарчмыг аль эртнээс баримталсаар ирсэн ч бөхчүүд шууд найр наадмаа залгуулдаг нь тун тоогүй.

Уг нь” аварга боллоо, амжилт  гаргалаа” гээд найр наадам хийх нь дараагийн асуудал.

Эцэст нь өгүүлэхэд Монголын Үндэсний бөхийн холбоо дорвитой ажил хийх хэрэгтэй. Энэ бол олон түмний хүлээлт. Бас улстөржихгүй, чин шударгаар ажиллахыг ард түмэн хүсч байгаа. Хоёр удаа ДОПИНГ хэрэглэсэн Э.Оюунболдод дөмөгхөн шиг хариуцлага тооцчихвол аяндаа л зөв голдрилдоо ороод л явчихна. Мөн одоогийн авч буй арга хэмжээ бол үнэндээ жулдаж байгааг бөхийн хүрээнийхэн шүүмжилсээр байгааг ч анхаарах нь чухал.

http://erennews.mn/article/51213


URL:

Tags: