Пакистанд хүчингийн давтан гэмт хэрэгтнүүдийг “тайган болгоно”

Пакистанд хүчингийн давтан гэмт хэрэгтнүүдийг "тайган болгоно"

Пакистан улсын хууль тогтоогчид хүчингийн гэмт хэргийг түргэн хугацаанд илрүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт хүнд шийтгэл ноогдуулахад чиглэсэн шинэ хуулийг Лхагва гаригт батлав. Энэ хуулийн дагуу олон удаагийн хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд химийн аргаар “кастрация” хийх буюу “тайган” болгох арга хэмжээ авахаар болсон байна.

Эмэгтэйчүүд, хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд ихээр өртдөг тус улсад шударга ёсыг хүсэмжилсэн иргэдийн дуу хоолой эрчээ авч, холбогдох хууль журам батлахыг эрх баригчдаас шаардах болсон юм. Тэр дундаа Пакистаны нэр хүндтэй дипломатчийн охин, 27 настай Нур Мукадамыг найз залуу нь хэрцгийгээр хороосон хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ.

Бүсгүйг нас барснаас хойш олон нийт твиттер хуудаснаа “#JusticeforNoor” гэх үгээр давалгаалж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нийгмийн зуршмал үзэгдлийг пакистанчууд өөр нүдээр олж харах болсон. Гудамж талбайд Нур Мукадамын дурсгалыг хүндэтгэсэн лаа бадамлаж, тэр хэрээр хүчин гэмт хэрэгтнүүдэд хүнд ял ноогдуулахыг шаардах болсон юм.

Ийнхүү хүчингийн гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг түргэтгэхийн тулд улс орон даяар тусгай шүүхүүдийг байгуулж, энэ төрлийн хэргийг “дөрвөн сарын дотор” шийдвэрлэдэг байхыг заасан шинэ хууль журам Пакистанд батлагдав. Уг хуулийн дагуу бүлэг хүчингийн хэрэгт үйлдсэн этгээдүүдэд цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноохоор болжээ.

Дашрамд өгүүлэхэд, кастрация нь бэлгийн дур хүслийг бууруулах зорилготой химийн эмчилгээ юм. Энэ аргыг Өмнөд Солонгос, Польш, Чех, АНУ-ын зарим муж улсуудад хүчингийн гэмт хэрэгтнүүдэд хууль журмын дагуу хэрэглэдэг байна. “Amnesty International” байгууллага кастрация хийх шийтгэлийг “харгис бөгөөд хүнлэг бус” гэж үздэг.

Тус байгууллага олон нийтийн дургүйцлийг өөрсдөөсөө холдуулахыг хичээхийн оронд бэлгийн хүчирхийллийн үндсэн шалтгааныг арилгах, бэлгийн хүчирхийлэгчдэд зохих ёсны шийтгэл оногдуулахад анхаарлаа хандуулахыг Пакистаны засгийн газарт уриалжээ. Дашрамд дурдахад, Пакистанд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн гурав хүрэхгүй хувь л шүүхийн хаалга татдаг байна.

Эх сурвалж: CNN


URL: