“ХААН” банк бол Монголын хамгийн том арилжааны банк, зах зээлийнхээ 40 хувийг дангаар барьчихсан. Энэ банктай холбоогүй гэр бүлийг Монголоос олохгүй. Хэн нэг нь, ямар нэг байдлаар зээл хуй тавьчихсан байдаг. Ямар сайндаа л “…Монголчууд хүнтэй, малтайгаа “ХААН”-ы барьцаанд бий” гэх вэ дээ. Тэр утгаараа “ХААН” банкны хувьцааны хөдөлгөөн олны анхаарлаас ангид явагдах боломжгүй юм.
Яг өнөөдрийн байдлаар “ХААН” банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс” компани, 25.31 хувийг Монголын “Таван богд трейд” ХХК, 14.45 хувийг Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани, 14.69 хувийг Монгол Улсын иргэн Д.Хулан эзэмшиж байна. Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани нь Японы “Савада Холдингс”-ийн охин компани болохоор энэ компани үндсэндээ 60 хувийг эзэмшдэг гэсэн үг.
Харин Д.Хулан нь “Таван богд групп”-ийн Ц.Баатарсайханы эхнэр, бас хувьцаа эзэмшигч нь учраас Монголын “Таван богд трейд” ХХК нь “ХААН” банкны 40 хувийг эзэмшиж байгаа хэрэг.
Тэгвэл “Савада Холдингс” компани “ХААН” банк дахь хувьцааныхаа 32 хувийг арилжаалж эхэлсэн талаарх мэдээлэл олны анхааралд орж ирээд байна.
“ХААН” банкны 32 хувийг Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” компани авахаар болжээ.
Харин энэ арилжааны ард монголчууд бий гэдэг асуудал яригдаж эхлээд байгаа юм.
Энэ талаар УИХ-ын Ч.Хүрэлбаатар чуулганы танхимаас анх олон нийтэд зарласан. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцэж байх үеэр “…Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно” гэсэн юм.
Ч.Хүрэлбаатар “…Мояачууд”, “….Асашёорюү” гэх зэргээр “ХААН” банкны арилжаанд оролцсон байж болзошгүй гэх хүмүүсийн нэрийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдсаар байна. Гэхдээ Монголыг дэлхийн шившиг болгож мэдэх энэ арилжаанд оролцсон гэх улстөрчид, шийдвэр гаргагчдын нэрийг тэр хэлж чадахгүй тойроод байгаа юм.
Гэсэн атлаа Монголбанк, түүний ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг барьж авч “балбаад” байна. Түүнд нь Б.Лхагвасүрэнгийн албан тушаалыг сонирхсон эрх ашиг үйлчлээд байгаа гэх мэдээлэл бий.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Савада Холингс” компаниас “ХААН” банкны хувийг худалдаж авах гэж буй гэх Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр “…Татгалзах зүйлгүй” гэсэн хариу илгээсэн байна.
Угаасаа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанкинд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг. Монголбанк хариу өгөх үүрэгтэй.
Дараа нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монголбанкнаас ХААН банк руу “…Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК /UBC/-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа” гэсэн бичиг илгээсэн гэх мэдээллүүд цацагдаж байна.
Гэтэл Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөчихсөн. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “…Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “ХААН” банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх нь хуулиараа боломжгүй юм.
Хэрэв энэхүү заалт “ХААН” банк дээр зөрчигдсөн тохиолдолд “Савада Холдингс”-нийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох эрх Монголбанкинд байдаг байна.
Б.Лхагвасүрэн өөрөө ч “…Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. Таван хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа. ХААН банкны 60 хувийн хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” гээд үнэт цаасны компани бий. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Анх хувьцаа эзэмшиж эхлэхэд 46 хувь нь Хидео Савада гээд хүний эзэмшилд байсан бол одоо 26 хувь болж буурсан. Бид илүү нарийн судлах болно” гэсэн тайлбарыг өгөөд байна.
Б.Лхагвасүрэнгийн хувьд яах вэ дээ, Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хуульд оноогдсон үүргээ гүйцэтгэнэ. Ч.Хүрэлбаатарын хэлээд байгаачлан арилжаа наймааны ард улстөрчид, шийдвэр гаргагчид байсан ч Б.Лхагвасүрэн хуулийн хүрээн дэх үйл явцыг саатуулах эрхгүй, бас үүрэггүй.
Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч асан эрхэм шүүхийн хаалга татчихсан. Үүнийг одоогийн ерөнхийлөгч нь мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгэхээр Б.Лхагвасүрэн тийм асуудалд орооцолдохыг хүсэхгүй нь тодорхой шүү дээ.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хайгаад байгаа буруутан, айгаад байгаа улстөрч нь Б.Лхагвасүрэнгээс холдоод явчихаж байгаа юм.
Харин тэрбээр улстөрч, шийдвэр гаргагчийг шууд нэрлэчихэж чадахгүй учраас Монголбанкийг “нүдэж” буй бололтой. Үнэхээр ч энэ асуудалд Монголбанк “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болоод байгаа нь сүүлийн өдрүүдийн үйл явдлуудаас тодорхой харагдаж байна л даа.
Гэвч нэг ноцтой мэдээллийг энд дурдахгүй бол болохгүй. Эх сурвалжийн мэдээллүүдээр “ХААН” банкны арилжаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдаж авсан загварчлалаар явагдаж байж мэдэхээр болоод байна.
Үүнийг гаргаж ирэхийн тулд Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэн санаачилж, хэн зүтгүүлж, хэн хэн дэмжсэн бэ гэдгийг эргэж харах ёстой юм байна лээ. Хамгийн гол нь тэр нэмэлт өөрчлөлтөөр тухайн банкны хувьцаа эзэмшигч 20-иос илүү хувийг эзэмшиж болохооргүй болгосон.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “…Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж оруулсан. Үүнийг төсөл санаачлагчид болон банк санхүүгийн төлөөллүүд “…Банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилготой” гэж гоё тайлбарласан. Банкууд энэ шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой. Хувьцааны хөдөлгөөн хийхээр ажиллаж эхлээд байна. Харин энэ өөрчлөлт өнөөдөр ноён Хидео Савада, түүний “Савада Холдингс” компани “ХААН” банкнаас шахаж байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Магадгүй, Банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийн “бай” нь “Савада Ходингс” байсан ч байж мэдэх юм.
Ийм мэдээллүүд улс төрийн хүрээ, банк санхүүгийн салбарынхан дунд маш хурдтай тарж байна.
Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар энэ арилжааны ард хэн гэдэг улстөрч байгааг айгаад байлгүй хэлчих хэрэгтэй. Тэрбээр “…Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагчид оролцсон” гээд байгаа шүү дээ. Хэрэв ингэж “ХААН”-ы наймааны ар дахь даргыг ил болговол “Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан хуйвалдааны загварчлал хэрэгжиж байгаа эсэх нь тодорхой болох юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин