Х.Хэрлэн Орос-Монголын харилцаанд сэв суулгах уу

hE8xHvo1kFOxiGpHu5MdСүүлийн үед УБТЗ-ын асуудал олны анхаарлыг татаж, улс хооронд дуулиан болж, Монголын улстөрчид шившгээ тарьж байна.

Учир нь 16.000 ажилтантай яруу алдарт УБТЗ-ын даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эртний анд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн зүтгэж буй нь оросуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэж “Эхлээд өрийн асуудлаа шийд, дараа нь замын даргын асуудлыг ярилцана” гэх үгийг Монголын улстөрчдөд хэлсэн ч тэд даанч энэ үгийг нь тоосонгүй. Бид энэ тухай өмнө нь ч хүргэж байсан.

Аргаа барсан оросууд “Тарифаа нэм, Мон-П1, Мон-П2-ын өрийг цайруул гэж Л.Халтарт дааж давашгүй болзлуудыг тулгасан юм. Тухайлбал, 1993-1995 онд Японоос Мон-П1, Мон-П2 нэрээр 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг авч байсан нь өдгөө 160.6 тэрбум төгрөг болтлоо өсчихсөн. Энэ өр нь УБТЗ-ыг техникийн дефольтод хүргэж дахин зээл авах боломжгүй болгосон учраас оросууд Л.Халтарт ийнхүү шахалт үзүүлсэн байна.

Харин монголчууд Замын даргын асуудлыг нэн яаралтай шийдэхийн тулд Мон-П1, Мон-П2 өрийн асуудлыг яаралтай шийдэж оросуудыг хуурахаар зэхэж буй аж.

Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын эхээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Үүний дараа өрийн асуудал хүчтэй яригдаж холбогдох хүмүүс нь энэ мөнгийг төсвөөс гаргахгүйгээр шийднэ гэх хариултыг өгч байсан ч энэ нь биелэх боломжгүй гэдгийг төмөр замынхан хэлж байна.

Угтаа бол Орос Хятадтай харилцах харилцаа нь Монгол Улсын хамгийн чухал бөгөөд Япон, Америк зэрэг бусад орон бол дараагийн асуудал байдаг. Хуурай газраар хиллэн оршдог мөнхийн хөршүүдтэйгээ бид 1000 удаа муудаж, 1001 удаа сайдсан нь ч бий.

Яг үнэндээ Оросын талаас Замын даргад нэр дэвших хүнийг мэргэжлийн, олон улсад нэр хүндтэй нэгэн байх ёстой гэсэн шалгуурыг тавьсан ч Х.Хэрлэн яагаад ч дээрх шаардлагад тэнцэхгүй нэгэн билээ.

Тиймээс л ах нарын тавьсан шалгуурыг үл тоож Монголын нөлөө бүхий улстөрчид Х.Хэрлэнг томилуулахаар кампанит ажлаа хэдийнэ эхлүүлж зарим хэвлэлээр “Хэрлэн ёстой гого” гэх мэдээллийг ч гаргуулаад эхлэв.

УБТЗ-ын өрийн асуудал нэг талдаа гараагүй байхад Монголын улстөрчид “Х.Хэрлэнг тус газрын даргаар томилох боллоо” гэж дээр дооргүй шуугьж Орос ах нарын эгдүүцлийг дээд цэгт нь хүргэж, магадгүй Оросын талаас ч хүн томилох нөхцөлийг бий болгочхов.

Ийм л нэг том артай нөхөр өнөөдөр Орос-Монгол хоёр улсын харилцаанд сэв суулгаж УБТЗ-ын дарга болохоор зүтгэж буй бөгөөд ард нь маш том эрх ашиг нуугдаж, бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд заналхийлж буй нь аймшиг. Тиймээс л АМГТГ-ыг самарсан Х.Хэрлэн даргыг, УБТЗ-ыг самрахаа боль гэж хэлж буй бөгөөд мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хүнийг томилдог тогтолцоог л бий болгоё.

Бид дараагийн удаа Мон-П1, Мон-П2 өрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хэрхэн өгүүлснийг дүрстэйгээр хүргэх болно.


URL: