Ногоон хаалганы “эзэн” Г.Батмөнх, Камертоны тоглолтын “буруутан” Р.Чингис нар албан тушаал дэвшжээ

IMG_4365

Ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргасан эрхмүүд хариуцлага хүлээх бус албан тушаал дэвшдэг гаж тогтолцоо манай улсад хэдийнэ тогтжээ.

НОГООН ХААЛГАНЫ “ЭЗЭН” Г.БАТМӨНХИЙГ АЛБАН ТУШААЛ ДЭВШҮҮЛЖ, МХЕГ-ЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Хэдхэн сарын өмнө Замын-Үүдийн ариутгагч ногоон хаалгыг дээр, дооргүй шүүмжилж байсан. Азаар өндрийг авсан эл хаалгыг төд удалгүй сольж, ногоон хаалганы дуулиан намжсан билээ.

Тэгвэл олны элэг доог болж, монголчуудыг багагүй хохироосон ногоон хаалгыг хариуцан хийж, суурилуулсан эрхэм нь хариуцлага хүлээх бус харин ч албан тушаал дэвшжээ. Тодруулбал, боомтын ариутгагч хаалгыг Замын-Үүд сумын нөөц хөрөнгөөс төсөвлөж, 2020 оны гуравдугаар сараас ашиглаж эхэлсэн байдаг. Ингэхдээ уг ажлыг “Чандмань бадрал” орон нутгийн өмчит ХХК-ийн тусламжтайгаар суурилуулсан гэх.

Харин уг хаалгыг Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнх хариуцан хийлгэсэн байдаг. Нэг үгээр хэлбэл ариутгагч ногоон хаалганы “ЭЗЭН” нь Г.Батмөнх дарга.

Тэрбээр, шаардлага хангахгүй хаалга хийлгэж, суурилуулсныхаа “шанд” Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар томилогдсон байна. Түүнийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга ямар нэгэн шалгалт, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалгүйгээр дээрх албан тушаалд хууль бусаар томилсон гэх. Үүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын нөлөө ч байсныг үгүйсгэхгүй гэдэг. Товчхондоо бол Г.Батмөнх нь Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын хүн учир ийнхүү хариуцлагын гадна үлдэж, албан тушаал дэвшсэн бололтой.

“КАМЕРТОН”-Ы ТОГЛОЛТЫН БУРУУТАН ХОТЫН ОРЛОГЧООС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА БОЛЖЭЭ

 Хариуцлага алдсан ч албан тушаал дэвшсэн бас нэгэн жишээ нь Хотын орлогч асан Р.Чингис. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингисийг цар тахлын амаргүй энэ үед хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

Гэсэн ч түүнийг ахиулан дэвшүүлж, Дотоодын цэргийн штабын даргаар томилсон юм.

Угтаа хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бол албан тушаал бууруулах учиртай байтал, энэ мэтээр ахиулан дэвшүүлдэг буруу тогтолцоо манай улсад тогтжээ. Үүнд анхаарал хандуулах цаг болжээ Ерөнхий сайд аа.

iSee.mn


URL: