МҮОНРТ-д гал гарч, их хэмжээний бичиг баримтууд УСТЖЭЭ
МҮОНРТ буюу улсын онцгой обьектод энэ сарын 14-нд буюу өнгөрсөн ням гаригт гал гарчээ. Тодруулбал, тус байрны гуравдугаар давхарт хуучнаар маркетинг буюу гэрээнүүд хадгалагддаг өрөөнд гал гарсан байна. Галыг тархан гарахаас өмнө унтраасан ч тус өрөөнд байсан бичиг баримтууд, эд хогшил шатсан бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тусгай дүрэм журам үйлчилдэг, харуул хамгаалалт бүхий улсын онцгой обьектод бичиг баримт хадгалдаг өрөөнд ямар шалтгаанаар яагаад гал гарсан, хэн хариуцлага хүлээх нь анхаарал татсаар байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг шалгах ажлын хэсэг гарч, 2021 онд хийгдсэн худалдан авалт, томилгоо зэрэг хэд хэдэн асуудлыг шалгаж байсан аж.
Сануулахад, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сард томилогдсон А.Бүрэнбаатарын сонгон шалгаруулалт ХУУЛЬ БУС болсон тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тогтоож, улмаар Ерөнхий захирлын бүрэн эрхийг нь хязгаарлаад байсан юм. Тодруулбал, түүнийг байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, шилжилт хөдөлгөө хийх, хэн нэгнийг халах солих, орлогын болон зарлагын ямар нэгэн гэрээ хийх эрхгүй болсон байдаг.
URL: