Монголд хууль гэж байдаг л юм бол Ч.Номин огцрох ёстой
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын Сайд Чинбатын Номин УИХ, Засгийн Газрын гишүүдэд өөрийнхөө хувийн компаний бүтээгдэхүүн болох хүнсний ногоог бэлэглэсэн нь ил болсон билээ.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1 дэхь заалт буюу “Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно”, 14.1 дэхь заалт буюу “Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно” гэснийг зөрчсөн хэрэг юм.
Учир нь төмс, хүнсний ногоо тараах нь Соёлын Сайдын албан үүрэгт хамаарахгүй нь хэнд ч ойлгомжтой.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заахдаа 14.1 дэхь заалтыг зөрчсөн бол албан тушаалыг нь бууруулах арга хэмжээг авна гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад хууль гэж байдаг л юм бол, Чинбатын Номин Соёлын Сайдын албан тушаалаас огцрох нь тодорхой болжээ.
Харин Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга, зарчимч хүн мөн эсэх, хууль дүрэм мөрдөж ажилладаг эсэхийг Ч.Номинг огцруулах уу? үгүй юу? гэдгээс харж дүгнэж болох нь.
Э.Мягмар
https://www.sonin.mn/news/crime/126110
URL: