Монгол Улсын 2022 оны төсөв батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2022 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа.

- Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэхэд ирэх оны төсвийг чиглүүллээ.

- Дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. – Ирэх онд 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 1,7 их наядыг зам тээвэр, эрчим хүч, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтанд зарцуулна.

- Төрийн өмчит хувьцаат компани болох Эрдэнэт, Таван толгой, Эрдэнэс MGL зэрэг компаниуд ил тод, хариуцлагатай, хэмнэлттэй ажиллаж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс хяналтын тогтолцоог тавьж ажиллана. -Төрийн үйлчилгээг цахимжуулан, авлига, хээл хахуулийг бууруулах нь төсвийн орлого нэмэгдүүлэх үндсэн зарчим гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснээс гадна нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураан авч царцаасан байна. Тиймээс тусгай Активын тухай хууль гаргаж, хураагдсан үл хөдлөхийг борлуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

- Бүх шатны төрийн байгууллагуудын сургалтыг цахимаар зохион байгуулж, сургалт, гадаад, дотоод албан томилолт, зочид төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил худалдан авах, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, салбарын ой, баяр ёслолыг тэмдэглэх зардлыг хязгаарлана. – Хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой үйлчилгээг төр хэрэгжүүлэхээс татгалзаж, чанар, стандартад нийцсэн үйлчилгээг төр худалдан авах тогтолцоонд шилжихийг тогтоолоор бүрдүүлж байна.

- Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ. – Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ. – Халамжаас- хөдөлмөрт шилжих тогтолцоог бүрдүүлнэ. – Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн төсөвт 420 тэрбумыг суулгаж баталлаа.


URL: