Хий үзэгдэл болж хөршүүдээ айлгах гээд буудуулжээ

4d95dc3a26a50d7fe034fe00b046b4ea_ce_744x495x0x0_cropped_666x444Хэллоуины баярын өмнө дүрсгүйтэн, хөршүүдээ айлгах гэсэн бүсгүй буудуулжээ.

Мексикийн Наукальпан-де-Хуарес хотын оршин суугч бүсгүйг харанхуйд хөршүүд нь танилгүй санамсаргүйгээр буудсан байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр бүсгүй Мексик-Америкийн ардын домог ярианы дүр Ла Йоронад хувирч, Хэллоуины баярын өмнө хөнгөн саваагүйтсэн нь аминд нь хүрчээ.

New-York Post сонинд мэдээлснээр амиа алдсан бүсгүйн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрээр ойролцоогоор 20-25 насных гэнэ.

Цагаан даашинз өмсөж, гивлүүр зүүсэн тэрээр уйлж буй эмэгтэй Ла Йоронагийн дүрд орж, гудамжаар чанга уйлан явж байсан талаар оршин суугчид ярьжээ. Зарим хүн түүний байдлыг видеогоор бичиж авсан байна.

Айсан хөрш нь түүнийг буудсаныхаа дараа жинхэнэ Ла Йорона бус жирийн хүн байсныг нь мэдэлгүй уджээ. Алдаа гаргаснаа мэдэнгүүтээ тэрээр хэргийн газраас зугтсан байна.

Хотын цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаж байгаа ч хэн нэгнийг баривчлаагүй аж.

Хэргийг золгүй явдал эсвэл буудсан хүний сэтгэлзүй айдастай байсантай холбож үзэх магадлалтай юм байна. Учир нь Мексикт Сүнсний баярын өмнө үхэгсэд сэрж, сүнснүүд тэнэдэг гэж итгэн, хүн бүр айдастай байдаг аж.

Ла Йорона нь мексикчүүдийг багаас нь айлгадаг уйлдаг эмэгтэйн сүнс юм. Домогт өгүүлснээр хохирогчийн дүрд орсон хий үзэгдэл дэлхийгээр явж, хүүхдүүдийг хулгайлдаг аж. Хий үзэгдлийг үүрд унтуулах боломжгүй гэж үздэг бөгөөд Ла Йорона нь нөхрөө өөр эмэгтэйтэй байхыг хараад уурандаа хөвгүүдийгээ живүүлсэн эмэгтэй гэж домогт өгүүлжээ.

Энэ домог яриа Мексик төдийгүй Латин Америкт үеийн үед ам дамжин яригдсаар хүмүүс уг хий үзэгдлээс өөрсдийгөө ямар ч үнээр хамаагүй хамгаалахад бэлэн байдаг болжээ.


URL: