Найман хүн амиа алдсан тоглолтын дараа рэппер Трэвис Скоттоос сая доллар нэхэмжилжээ

АНУ-ын Хьюстон  хотноо өнгөрөгч баасан гарагт болсон Astroworld  хөгжмийн наадамд рэппер Трэвис Скоттыг дуулах үеэр найман хүн дарагдаж амиа алдан, 300 орчим хүн гэмтэж бэртсэн.

Тоглолтын үеэр бэртсэн нэгэн үзэгч Трэвис Скотт болон тайзнаа гэнэт гарч ирсэн Канадын рэппер Дрейк нарыг олныг өдөөж хөөргөснөөс харамсалтай хэрэг гарсан хэмээн сая доллар нэхэмжилсэн байна. Мөн тоглолт зохион байгуулсан Live Nation компанийг хангалттай сайн хамгаалалт гаргаж чадаагүй, эмнэлгийн тусламж үзүүлэх боломж олгоогүй гэж буруутгаж байгаа юм.

Бас нэгэн үзэгч Скотт болон тоглолт зохион байгуулагч компанийн эсрэг мөн л сая долларын нэхэмжлэл гаргажээ. Тэрээр ухаанаа алдсан үзэгчид өөрийг нь газар унагаж дээр нь гишгэчиж байсан тул хүнд гэмтсэн гэж мэдүүлсэн байна.

Скотт амиа алдагсдын гэр бүлийнхэнд чадах бүхнээрээ тусалж байна гэжээ. Амь үрэгдэгсдийн хамгийн бага нь 14 настай байв. Трэвис уг тоглолтын тасалбарын мөнгийг үзэгчдэд буцааж олгохоор болсон ба маш их цочирдсон учраас Лас Вегаст болох Day N Vegas тоглолтод оролцохоос татгалзсан байна.

Трэвис Скоттыг тайзнаа гарч ирэхэд үзэгчид тайз руу урагш тэмүүлснээс болж бие биеэ дарж, үймээн самуун үүсжээ. “Рэпперийг тайзнаа гарснаас гурван миутын дараа гэхэд хүн амиа алдах нь тодорхой болсон байсан” гэж нэгэн үзэгч ВВС агентлагт ярьсан байна. “Хөдлөх ч боломжгүй байсан. Нүүрэндээ гараа ойртуулж ч чадахааргүй хүмүүс шахцалдаж байсан” гэж тэрээр хэлжээ.

Онцгой байдлын газраас мэдээлснээр рэппер Скотт болон тоглолтын зохион байгуулагчид үзэгчдийг тайвшруулж болох байсан гэв. Түүнчлэн Техасын цагдаагийн газраас тоглолтын үеэр үзэгчдийн зарим нь мансууруулах бодис хэрэглэж байсан гэх мэдээллийг шалгаж байна гэжээ.

Эх сурвалж: ВВС


URL: