Энэ цагийн эрэлттэй байгаа ТАВАН ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН
Орчин цагийн кино болон жүжигт шигтгээ болон гялалзаж яваа эрэлт ихтэй эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.
Зарим тохиолдолд тэдгээр жүжигчдийн тоглосон уран бүтээлийг үзэхийн тулд кино театр болон зурагтынхаа өмнө уягдан суух нэгэн ч байдаг гэнэ лээ.
Бидний сайн мэдэхээр орчин цагийн Жуллетта буюу жүжигчин О.Дөлгөөн. “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлэж, ямар ч дүрд мөн жүжигт тоглох чадвартай гэдгээ харуулаад амжсан. Удалгүй УДЭТ гэх босго өндөр айлын үүдийг татаж, олон жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн гэдгээрээ фэнүүдийнхээ дунд аль хэдийн нэр хүнд өндөртэй явдаг юм билээ. Өөрийгөө үргэлж л хөгжүүлж, хөгжиж дэвших дуртай тэрбээр харийн орныг зорьж мэргэжил дээшлүүлэх сургалтад суугаад Монголдоо ирсэн. Ирсэн даруйдаа л мөн ч олон киноны саналд дарагдсан гэх бөгөөд одоогийн байдлаар “Фантастик”-ийн залуучуудтай хамтран ажиллаж байгаа юм билээ.
Аав, ээжээсээ нуугдан байж СУИС-ын жүжиг ангид шалгалт өгч тэнцэж урлагийн хүн болохоор шийдсэн жоохон охин бол жүжигчин Х.Баярмаа. Тэртээ 2012 онд эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцоод ирсэн адтай нэгэн. Аав нь найруулагч Х.Хүсэлбаатар, ээж нь Гавьяат жүжигчин С.Өлзийхүү учраас түүнийг үзэгчид хэр сайн жүжигчин болох вэ гэдэг хүлээлт битүүхэндээ үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. Түүнийгээ ч харуулах гэж “Хүйтэн бороо”жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” уран бүтээлд гол болон туслах дүрээрээ фэнүүдээ нус, нулимстай нь хольсон түүх ч бий. Х.Баярмаагийн хувьд АНУ-ын Миссуригийн их сургуульд найруулагч, продюсер мэргэжлээр суралцаж төгсөөд, жинхэнэ утгаараа аавынхаа зам мөрөөр явахаар сэтгэл шулуудан эх орондоо ирсэн гэдэг. Амжилттай төгсөж ирсэн даруйдаа “Бурханы авралаар чи ирлээ” цувралд амжилттай тоглож, хэд хэдэн кино болон жүжигт дүр бүтээж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн уран бүтээл нь “Хиртээгүй сарнай” кино, “Гэм зэм” жүжигт дүр бүтээж байна.
“Хэцүү анги” телевизийн олон ангит киногоор олонд танигдсан жүжигчин А.Ганчимэг. Мөн л УДЭТ-аас ажлын гараагаа эхлэж, Гавьяат Э.Уранчимэгтэй нийлэн“Хувьсал” продакшнаас уран бүтээлээ туурвих болсон тэд хэсэгтээ л мандуулсан. Гэвч уран бүтээлчдийн салж нийлдэг замыг мөн л дайрч гарч “Хувьсал”-аасаа өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг байгуулсан. Анхны уран бүтээл нь “Халуун зүрх” хэмээн гарснаар олон ч хүмүүсийн зүрхийг зүссэн сайхан бүтээл болсон хэмээн өндөр үнэлгээ авсан. Сүүлийн үед гоо сайхны газар ажиллуулж байгаа тэрбээр “Фантастик”-ийн залуучуудтай гар нийлэн ажиллаж байгаа гэнэ лээ.
“Дэлхийд дурласан сар” кинонд дүр бүтээж үзэгчдийн нүдийг хужирлаж, чихийг баясгаж гарч ирсэн жүжигчин Б.Мишээл. Чөтгөрийн бага нь адтай гэдэг шиг найруулагчдийн овоо хараанд өртөж, кинонуудад шигтгээ болон гялалзаж яваа нэгэн гэхэд нээх хол зөрөхгүй л болов уу. Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн”телевизийн олон ангит киногоороо үзэгчдийн байлдан дагуулж байгаа бөгөөд галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй бүсгүйн дүрийг бүтээж байгаа гэдгээрээ бодит амьдрал дээрх Б.Мишээлээс тэс өөр гэнэ билээ.
Уран бүтээлийн гараагаа “Эмоци” продакшнаас эхлүүлж, тууштай зүтгэлтэйгээр продакшиндаа чин үнэнчээр яваа залуу жүжигчин Бадамжав. Тайз дэлгэцэнд чамлахааргүй дүрээ мөнхөлсөн ч үзэгчид “Түцний охид” киногоор нь андадгүй юм билээ. “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, үзэгчид, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан түүнийг сүүлдээ “Латин, Америк” цустай байх гэдэг яриа цахим орчноор нэг тарсаад амжсан. Аав, ээж, амраг садангийн дүрийг гаргахдаа сайн тэрбээр энэ удаад“Фантастик”-ийн залуустай нэгдэж, шинэ уран бүтээлд нь дүр бүтээж байгаа сурагтай.
https://news.zindaa.mn/3xdk
URL: