Украинд нас баралт хоногт 1000-Д ХҮРЭХ төлөвтэй байна
Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов тус улсад ирэх арваннэгдүгээр сараас ковидын шалтгаант нас баралт хоногт 1000-д хүрч болохоор байгааг хэллээ.
Тэрбээр «1+1» телевизэд ярихдаа “Би хэнийг ч айлгахыг хүсэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлаас харахад бид хоногт 1000 хүн нас барахыг харах төлөвтэй байгааг хэлье, маш харамсалтай байна. Энэ тоо нь арваннэгдүгээр сарын эхээр бүртгэгдэж эхлэх тоо юм” гэжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга вакцинжуулалт нь энэ статистикийг эерэг тал руу шилжүүлж чадна гэж онцолсон байна.
Украины Эрүүл мэндийн сайд Виктор Ляшко “Украин улс вакцины гурав дахь тунг хийлгэхийг хүсэж байгаа бүх хүнд хүрэлцэхээр вакцин авахаар гэрээ хийсэн” гэж мэдэгдсэн билээ.
Тэрбээр “Сэргээх тунгийн тал дээр санаа зоволтгүй. Бүгдэд нь хүрнэ. Манай улс хамгийн сайн вакцин үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулсан, вакцин сэргээх тун, давтан тун гээд аль ч тунд хамрагдахыг хүссэн хүн бүрт хүрэлцэнэ” гэжээ.
Киевт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цар тахлын аюулгүй байдлын “улаан бүс”-ийг зарлах аж.
Украинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26071 хүн ковидоор өвчилсөн нь батлагдаж, нийт халдварын тоо 2 851 804 болжээ.
Роберт Кохын хүрээлэн өнгөрсөн сард Украин улсыг ковидын халдварын өндөр эрсдэлтэй бүсэд оруулсан юм. Мөн Бруней, Эстон, Йемен болон Латви халдварын өндөр эрсдэлтэй бүсүүдийн жагсаалтад нэмэгджээ.
Украинд ковидын шалтгаант нийт нас баралт 69 мянга давсан байна.
URL: