Хэн нэгний албан тушаалд бус хүүхдүүдийн боловсролд анхааръя, Н.Батсүмбэрэл дарга аа!
Сонгон шалгаруулалтгүй албан тушаал томилсон, ёс зүйн хариуцлага алдсан, элдэв хээл хахуулийн асуудалд холбогдсон дунд сургуулийн багш нарын маргаан байс гээд л гардаг. Тэгвэл энэ удаагийн маргаан нэрт яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит нийслэлийн 50 дугаар сургуультай холбогдон дэгдлээ.
Ноднин жилийн арванхоёрдугаар сард тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Даваахүү багш тэтгэвэртээ гарч, түүний оронд тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Цогзолмааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл томилон явуулжээ. Харин М.Цогзолмаа нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ирснээсээ хойш л багш, ажилчидтайгаа учраа олж чадалгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өгсөн мэдээллээр захирлаар ирсэн цагаасаа хойш нийт 20 гаруй хүнийг ажлаас нь “халжээ”. Ямар нэгэн арга хэрэглэсээр тухайн хүнийг ажлаас гарах өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг аж.
Мөн Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасан “Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардал хэмнэх” гэснийг илтэд зөрчин 124 байсан орон тоог 134 болгон нэмэгдүүлжээ.
Ингээд зогссонгүй, өөрийн баталсан орон тоогоо нэг жижүүр, нэг гадаад хэлний багшаар нэмж орхисон байна. Гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.Насанбуян гэж хүний амьдралын боломжгүй байдалд дэм болохоор багш, ажилчдын цуглуулсан хандивын мөнгийг нь барьцаалан ажлаасаа гарах өргөдлийг бичүүлжээ.
Мөн сургуулийн эмчээр ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр нь төрөөд эмнэлгээр явж байхад нь “ажлын байрандаа байгаагүй” гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлжээ.
Энэ мэтчилэн олон хүнийг ажлаас нь халах санаагаа биелүүлж, цагаан цаасан дээр гарын үсэг цуглуулж өөрийн талдаа ашиглах гэх мэт олон зүйл хийснийг багш нар халаглан ярьж байна. Нэгэнт орон тоог нэмэн баталсан учраас өөрийн талын хүмүүсээ ажилд авч, зарим багш нарыг хүүхдээр нь барьцаалах зэргээр өөрийн талдаа ажлуулдаг аж. Хамгийн инээдтэй нь гэвэл, “Сайн байна уу, багш аа” хэмээн өөртэй нь мэндэлсэн сурагчийг “Юу гээд байгаа юм. Би захирал чинь байна” хэмээн загнасан гэнэ. Өөрийн нарийн бичиг Х.Лянхуацэцэгийг хүнтэй утсаар ярихаар чанга яригч дээр нь яриулдаг гээд олон төрлийн гомдол сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд ирсэн байна.
Сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, багш, ажилчдын төлөөлөл болсон 85 хүн гарын үсгээ зуран энэ асуудлыг харьяа яам, Нийслэлийн боловсролын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд тус, тус хүргэсэн байна. Гэвч асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Мэдээж дээрх хүмүүс анх томилсноор нь дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хүртэл бичиг хүргүүлжээ. Засаг дарга есдүгээр сарын 27-ны өдөр Б/72 тоот захирамж гарган ажлаас чөлөөлөхөөр болсон ч М.Цогзолмаа тамгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар алга болжээ. Гэтэл ердөө долоо хоногийн дараа Засаг даргын захирамж нь “Сахилгын хариуцлага тооцох тухай” болон өөрчлөгдөөд ирэх нь тэр. Тиймээс л багш, ажилчдын төлөөлөл хардаад байгаа юм. Үүн дээр нэмэгдээд есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангийн хүүхэд элсүүлэх үеэр хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийн талаар хэл ам гарсан учраас АТГ-т ч хандахаар болжээ.
Ажил хаялт зарлах гэхээр цах тахлын үед хориглосон юм билээ хэмээн багш нар хэлж байсан. Энэ тухай М.Цогзолмаагаас тодруулахаар албан өрөөнд нь ороход “Дүүргээс энэ асуудлыг тараа гэсэн чиглэл өгсөн. Ажлын хэсэг гарсан. Нэр хүндтэй холбоотой асуудал учраас хэвлэлд яриа өгөхгүй” гэсэн юм. Гэвч өмнө нь тэрээр Өдрийн сонин, зарим нэгэн сайтад “Багш нар ажлаа хийж чадахгүй байж намайг эсэргүүцэн сургуулийг самарч байна” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн юм билээ. Ингэхдээ сурагчдынхаа эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн цахимаар уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон хэмээн худал залаад зогсохгүй, сургуулиа цахим сургууль болгосон гэжээ. Гэвч тус сургуулийн багш нар өнөөдрийг хүртэл интернэтэд холбогдох гэж өрөө, өрөө хэсэж яваа нь үнэн билээ. Харин дүүргийн Засаг дарга таныг томилсон бил үү гэсэн асуултад “Тийм” хэмээн хариулсан.
Цар тахлын нөлөөгөөр манай улс нийтээрээ боловсролын хоцрогдолд орсон. Тэр дотроо дунд сургуулийн сурагчдын хоцрогдол тэртээ хойно үлдсэн. Хэрэв үнэхээр эдгээр багш нарт ирж байгаа дарамт шахалт дээд хэмжээндээ хүрээд өнөөх захирал нь улстөрчдөөр хамгаалуулаад албандаа үлдвэл багш нар ажлаасаа гарах хүртэл арга хэмжээ авах аж. Ингэсэн тохиолдолд хичээлийн хоцрогдолтой байгаа сурагчид л хохирно.
Шинэ багш ирлээ гэхэд хүүхдүүд учраа олох гэсээр улам л хоцорно. Тийм болохоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл та гаргасан шийдвэрүүдээ эргэн харж, нийслэлийн 23 дугаар сургуулиас халагдаж, “Монгени” цогцолбор сургууль дээр хүртэл эсэргүүцэлтэй тулгарч явсан энэ хүнийг яагаад захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноо тайлбарлах хэрэгтэй. Дээрээс нь ажлаас халах тушаалаа долоо хоногийн дотор сахилгын шийтгэл болгон өөрчилсөн тань хардлага төрүүлж байгаа юм.
Хэрэв ямар нэгэн улс төрийн шахалтаар энэ хүний албан тушаалыг хаацайлж, түүндээ хэвээр үлдэх гэж байгаа бол тус сургуульд сурдаг 2634 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, боловсролын хоцрогдолд орох аюул байгааг дуулгая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: