COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 350 мянга давлаа

Сүүлийн нэг хоногт 5304 хүнд шинжилгээ хийхэд COVID-19-ийн халдварын 1095 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 350 мянга 604 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 539 мянга 197 боллоо. Шинэ тохиолдлуудын 808 нь нийслэлд, 287 нь орон нутагт бүртгэгджээ. Нийслэлд бүртгэгдсэн халдварын тохиолдол 280 мянга даваад байгаа бол орон нутагт 257 мянга гаруй хүн COVID-19-өөр өвчилжээ.

Ховд аймагт “коронавирус”-ийн халдварын хамгийн олон буюу 18 мянга гаруй тохиолдол батлагдсан бол Дорнод аймагт 17 мянга, Баянхонгор аймагт 15 мянга, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, болон Өвөрхангай аймагт 14 мянга даваад байна.

Үүнээс гадна COVID-19-өөр өвчилсөн 19 мянга 93 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 368 нь нэн хүнд, 2220 нь хүндэвтэр байдалтай байгаа аж. Мөн 3184 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагт “коронавирус”-ийн халдварын улмаас 40-80 гаруй насны зургаан хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1666 хүн эндээд байна.

Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд 2,254,570 хүн “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 2,137,780 хүн бүрэн тунд хамрагдаад байна.

Түүнчлэн сүүлийн нэг хоногт дархлаа сэргээх нэмэлт тунд 459 хүн хамрагджээ. Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 384 мянга 776 хүн гурав дахь тунд хамрагдаад байгаа аж.


URL:

Tags: