Н.Энхбаяр МАХН-аа зольж, санасандаа хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын модон тамганаасаа татгалзаж, эрх баригч намд дагаар орсон билээ. Ингэснээр улс төрийн гурав дахь хүчин гэгддэг байсан МАХН зодог тайлж, Н.Энхбаяр тэргүүтэй намынхан МАН-ын гишүүн болцгоосон.
Улс төрийн хоёр том намын нэгдлийг улстөрчид янз бүрээр тайлбарладаг. Гэвч Н.Энхбаяр намаа зольж, дагаар орсон нь улс төрийн ямар нэгэн тохироотой гэх дүгнэлт, хардлага үнэнд дөхнө.
Ямартай ч Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн боллоо.
Түүнийг унасан тойрогтоо дахин нэр дэвшихэд нь, эрх баригч намыг Э.Батшугарыг сонгож, унасан тойрогт нь илгээхэд нь олон хүн гайхахаас илүүтэй “улс төрийн тохироо” гэдэг утгаар нь хүлээж авсан.
Хэдийгээр Э.Батшугар “Би тохироогоор нэр дэвшээгүй” гэж гүрийсэн ч, “Би хувь хүн, аав хамаагүй” гэж мэлзсэн ч “улс төрийн тохироо”-оор нэр дэвшиж, зохиолын дагуу парламентын гишүүн болсон нь маргашгүй үнэн гэдгийг зарим нь хэлж байна.
Хамгийн гол нь, Н.Энхбаяр бүхэл бүтэн намаа зольж, хүүгээ УИХ-ын гишүүн болголоо. Тэр санасандаа хүрлээ. Олон нийтэд ил харагдах нь түүний хүү Э.Батшугар ч хүүгийнх нь улс төрийн нүүдэл нь Н.Энхбаярынх байх нь гарцаагүй.
https://news.zindaa.mn/3wnv
URL: