ШУА-ийн ерөнхийлөгч Монгол улсаас Унгар улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайд С.Баатаржавыг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр орны шинжлэх ухааны салбарын одоогийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
ШУА-ийн ерөнхийлөгч “Европын орнуудаас шинжлэх ухааны салбарт манайхтай нааштай харилцаатай орнуудын нэг бол Унгар.Тэнд очоод шинжлэх ухааны талаар уулзах олон хүмүүс гарч ирэх байх. ШУА-ийн хүний нөөц болон хүчин чадлын хөгжилд Унгар улс ихээхэн хувь нэмэр оруулсан. ШУА Унгар улстай ХАА, түүх, археологи зэрэг олон салбараар хамтран ажиллаж байна. Унгар улс молекул биологи, генетикийн салбарыг маш хүчтэй хөгжүүлж байна. 21-р зууны гол ноён оргил нь энэ молекуль биологийн чиглэл болчихоод байгаа. Энэ чиглэлээр хүн сургахад Элчин сайд таныг анхаарч ажиллахыг хүсье. Унгар Монголын шинжлэх ухааны харилцааг та энэ 4 жилд нэг алхам урагшлуулчихвал монгол улсад хэрэгтэй.
Элчин сайдууд шинжлэх ухаан технологийн хөгжилд онцгойлон анхаарал тавьж, засаг төрдөө энэ чиглэлийн санал, хүсэлтээ тогтмол тавьж байх хэрэгтэй. Мэдээж хэрэг улс төрийн харилцаа анхаарах ёстой чухал ажил. Үүний дараа ач холбогдол өгөх зүйл бол яах аргагүй орчин үеийн технологи, инновацийг монголдоо авчрах асуудал юм. Технологи инновацийг авчирна гэдэг нь шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж байж бодитой ажил болж хувирдаг” гэдгийг уулзалтын үеэр хэллээ.
Дээрх уулзалтад академич Ш.Дэмбэрэл байлцаж хоёр орны Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чиглэлээр Элчин сайд С.Баатаржавд мэдээлэл өглөө. Мөн цаашдаа хамтын ажиллагааны тал дээр Унгар-Монголын эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлж Унгарын их сургуулиудад өндөр түвшний боловсон хүчин бэлтгэх, Биокомбинатыг шинэчлэх ажлын хүрээнд малын эмч, мэргэжилтэн бэлтгэх, зарим үүлдрийн үхэр, хонины чиглэлээр хамтарсан судалгаа хийх, монголоос эр хурганы махыг Унгарт нийлүүлэх боломж байгаа гэдгийг хэлсэн юм.
Төгсгөлд Элчин сайд С.Баатаржав өөрийн бүрэн эрхийн хүрээнд хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
URL: