С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ

16340316516165582384347Манай сайт улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг тойрсон авлигын пирамидын талаар “Авлигын том сэдэл болж байгаа нь нотлогдсон С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй” цуврал нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна.

Авто тээврийн үндэсний төвөөс олгодог энэ зөвшөөрлийн эргэн тойронд өнгө зүсийг нь өөрчилж, нүүрээ далдалсан авлигын олон төрөл зүйлийг хэдийнэ дүрэм журам гэх зохицуулалтаараа бий болгосон байдаг.

АТҮТ авлигажсан байгуллага гэдгийг хэдэн жилийн  өмнөөс ярьж ирсэн. Байсхийж байгаад тус төвийн дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригддаг, зураг бичлэгтэйгээ зурайтал гардаг боловч тэгсхийж байгаад замхардаг. Хэн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Сайндаа авлигынхаа мөнгөний зарим хэсгээр торгуулаад нийтийн албанд ажиллах эрхээ хэсэгхэн хугацаагаар хасуулаад өнгөрдөг байх.
Өмнөх дарга нар нь  авлига авсан ч иймэрхүү маягаар ивээгдээд өнгөрдөг болхоор дараагийнх нь  ирээд амьдрал ахуйгаа  авлигаар дээшлүүлэх бэлээхэн боломжоос татгалзана гэдэг худлаа. Тэгэхээр АТҮТ-ийн дарга нарыг солиод ч, хурал ном хуруулаад ч авлига арилахгүй байх ийм бэлэн өгөгдөл тэнд байгаа гэсэн үг.
Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаан  Гашуунсухайтын боомтын нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр ажил ярихаас илүүтэй авлигын сэдэв хөндөгдсөн. Авлига босгох олон боломжит хувилбарууд байдаг, тэдгээрийн ихэнх нь АТҮТ-өөс гаргаж байгаа дүрэм журамтай холбоотой болох нь энэ үеэр илүү тодорхой болов. Тухайлбал, С зөвшөөрлөөс гадна хуурамч машин босгодог,  эрсдлийн үнэлгээ тогтоох,  байцаагчийн дүгнэлт гэхчлэн  авлига босгох олон арга байдаг тухай өмнө нь бид мэдээлсэн.

Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан авлигын сүлжээгээ тэлсэн нэг хэлбэр нь тээврийн машинуудыг “бөмбөлөгөөр явуулах” журам юм байна.  Энэ тухай  нэгэн уншигч “Бөмбөлгөөр явуулна гээд 400 сая хүртэл өсгөсөн шинэ сайхан бизнес байна” хэмээн  бичжээ. Гэхдээ энэ бол нотолгоотой тоо баримт биш гэдгийг тодотгох нь зүй байх.

Мөн Баасан гарагт Л.Халтар сайдын мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал…Бөмбөлөг шинжилгээ гэдэг анхаарал татаж байна” хэмээсэн.
Харин энэ тухайд салбарын сайд нь “Бидний хамгийн том зорилго яаж Цагаан хадаа ногоон бүс болгох гэдэг асуудал. Бүгдээрээ хамтарч ажиллах л ёстой. Эхний алхам нь бөмбөлгийн асуудал” хэмээн хариулж байна билээ.  Тийм байж болох ч энэ бөмбөлөгийн чинь эргэн тойронд бас авлигын сүлжээ үүсчихсэн байгааг сайд Та анзаарсангүй.
Энэ тухай өгүүлсү. Өнгөрөгч наймдугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа энэ “Бөмбөлөг тээвэр”  хийх саналыг анхлан гаргагч нь Хятадын тал. Цар тахлын халдвар хамгаалалттай холбоотойгоор гарсан журам юм. Товчхондоо  жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад байлгаж вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм байна.
Өөрөөр хэлбэл жолоооч Дорж хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирнэ. Тэгээд дараагийн бөмбөлөгүүдийн жолооч нар тээвэрлэлтээ хийсний дараа Доржид дахин  хил нэвтрэх эрх үүсэх маягаар дараалал үргэлжлэх тийм л зохицуулалт юм байна. Гэхдээ бөмбөлөгүүд халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс цөөн хүнтэй,  энэ хэрээр олон бөмбөлөг тээвэр бий болно гэсэн үг.
Бөмбөлөг тээвэр хэрэгжээд удаагүй, ердөө хоёр  сарын л хугацаа өнгөрч байна. Гайхалтай нь  харин түүнийг тойрсон мөнгөний сүлжээг хэдийнэ бий болгож амжижээ. Муу юмандаа үнэхээр шуурхай аж.
Нэгэнт бөмбөлөг олон байгаа учир тэр хэрээр хил нэвтрэх урт дараалал үүсч таарна. Нөгөө талаасаа ээлжээ хүлээж хэд хоногоор дэл сул байх болно. Гэвч энэ асуудлыг мөнгөөр хялбархан шийдчихэж болно. Нүүрс тээвэрт хяналт тавьж буй төрийн албан хаагчдад компанийн эзэд мөнгө атгуулаад л өөрийн  бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур оруулдаг, дараалал дайрдаг,  жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрсний олон тээвэр хийдэг болсон гэнэ. Үүний улмаас нүүрс тээврийн  жолооч нарын дунд тэгш бус байдал үүсчээ. Жишээ нь, дээр өгүүлсэн Дорж  овсгоотой мөнгөтэй захирлынхаа буянаар нэг сард 5-6 удаа тээвэр хийчихсэн байхад өөр нэг жолооч Бат ганц ч удаа тээвэр хийж чадаагүй байх жишээтэй.

Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах,  жолоочоо нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд сэлгэж явуулах ханш 20.000 юаньд хүрчихээд байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл 9,0 сая орчим болно. Авлигын энэ мөнгийг холбогдох төрийн албаныхан халаасалж буй нь тодорхой.

Ийм маягаар Гашуунсухайт боомтод авлига цэцэглэж, нүүрс тээвэрт зөвхөн мөнгөөр ярьдаг, мөнгөөр шийдэгддэг, мөнгөөр ажил явдаг  ийм л жишиг тогтчихоод байгаа юм.
Үүнд идэвхийлэн оролцогчид нь гааль, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, цагдаа, орон нутгийн засаг захиргаа гэхчлэн тэнд төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа байгууллагынхан гэдгийг  жолооч нар, тээврийн компаниуд хэлж байгаа юм.
Х.Тулга
Toim.mn


URL: