Г.Занданшатар: АН хэнийгээ хөөж туух нь танай намын дотоод асуудал шүү
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа өөрсдөө шийдэхийг анхааруулав.
Тэрбээр “Та бүхэн дотоод асуудлаа дотооддоо шийд. УИХ-ын тухай хуулиар 11 гишүүнтэй бүлэг байгуулагдсан. Харин эндээс хэн нь гарч, хэнийгээ хөөх вэ гэдэг нь танай намын бүлгийн дотоод асуудал. Бүлгийн дарга нь өөрийн албан бланк дээр дөрвөн бичиг ирүүлсэн. Эхлээд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай намаас нэр дэвшиж сонгогдоогүй тул хасаж өгнө үү гэсэн. Дараа нь Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хөөсөн бичиг ирсэн. Гэтэл Б.Бейсен гишүүний албан бланк дээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг хөөсөн АН-ын бүлгийн шийдвэрийг албажуулна уу гэсэн бичиг ирсэн. Би энэ бүхнийг хийж суудаг хүн нь биш. УИХ-ын Тамгын газар шүүх биш. Бидний мэддэг асуудал биш учраас та бүхэн дотооддоо асуудлаа шийд. УИХ болон Тамгын газрын ажлыг битгий ойлгомжгүй байдал руу түлхээд бай.” гэв.
URL: