СҮХБААТАРЧУУД Ж.БАТСУУРИЙН ТАЛААР ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ!

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь гэж залуу бий. Тэрээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Сүхбаатар аймгийн Засаг даргаар бас ч гэж сайн ажиллаж байгаа гэх. Засгийн газраас зарим аймгийн даргыг Сүхбаатараас туршлага судал гээд “хөөдөг” тухай яриа бий. Тиймээс тэр сайн дарга байх. Амьтны үр алагтай цоогтой… гэдэг. Ж.Батсуурьт ч бас “алаг цоог” юм байна. “Сүхбаатарчууд Ж.Батсуурийн талаар үнэнийг мэдэх эрхтэй!” гэдэг  гарчигтай нийтлэл жил гаруйн өмнө хэвлэ­лүүдэд нийтлэгдэж байв.
Иргэн М-ийн ил за­хи­дал хэлбэрээр бичсэн энэхүү нийтлэл дэх барим­тууд анхаарал татахгүй байх аргагүй ажээ. Уг нийтлэлд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай холбоотой 11 баримт, өөрөөр хэлбэл түүнд хандаж 11 асуулт тавьжээ. Харин тэр ямар нэг хариулт өгөөгүй байна. Баримт, асуултыг сонирхуулбал,
1. Төмөртэйн цайрын ордод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-иас татварт 2 000 000 000 /Хоёр тэрбум/ төгрөг авч бүтээн байгуулалтад зарцуулж байгаа тухай мэдээлэл 2009 онд гарч байсан бол нэг тэрбум 500 саяыг татварт авдаг гэж Засаг дарга хэлжээ. 500 сая төгрөг хаачив?
2. Мөн “Цайрт минерал” компани 200 000 000 /Хоёр зуун сая/ төгрөгийг 2011 оны II улиралд Засаг даргад өгөхдөө “Жавхлант” бөхийн дэвжээ, “Жавхлант шарга” сэтгүүл зэрэг сүхбаатарчуудын санаачлагаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудад дэмжлэг болгож буйгаа мэдэгдсэн байна. Тэр мөнгө эзэддээ очилгүй хэний халаасанд орсон бэ?
3. Мөнххаан сумын нутагт орших Гөлтгөний ордыг хятадуудад өгөхөөр тохиролцон 710 000 000 /Долоон зуун арван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл болон уг ордын 50 хувийг өөрт шилжүүлэх хууль бус саналыг эзэмшигч компанид тавьж байсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан. Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Мөнххааны нутагт гөлтгөний орд байхгүй гээд Бүрэнцогтын уурхайг орон нутгийн мэдэлд авч ИТХ-ын төлөөлөгч Ай.Төмөр-Очирт хариуцуулсан гэжээ. Үнэн үгтний амыг хамхих гэсэн Засаг даргын санааг сүхбаатарчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Энэ уурхайтай холбоотой баримт бичиг Мөнххаан сумын Засаг дарга, ИТХ-д огт байдаггүй, тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгааг юу гэж ойлгох вэ. Орон нутгийн өмчит уурхайн Удирдах зөвлөлд таны төрсөн ах Ж.Батмөнх, монгол нэртэй хятад хүн байдаг тухай мэдээлэл ч байна. Яг өнөөдрийн байдлаар Бүрэнцогтын уурхайд 32 хятад хүн ажиллаж байна.

4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Асган толгой хэмээх газарт Хятадын компанид их хэмжээний газар түрээсээр өгсөн үйлдэл нь хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Яагаад?

5. Мөн сумын нутаг Нүхт дэх гянтболдын ордыг Монголын нэгэн томоохон компанид өгч,хариуд нь шан харамж авсан байж болзошгүй байна. Учир нь ордыг ашиглуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шууд гаргуулан, сүүлд нь сумын ИТХ аргагүйн эрхэнд шахалтаар шийдвэр гаргасан зэрэг нь Танд тэрхүү ордыг худалдах сонирхол их байжээ гэж хэлэхэд хүргээд байна.

6. Баруун-Урт сумын иргэн Н.Батболдын хууль ёсны лицензтэй газрыг булаан авч, “Жавхлант” компанид өгч шан харамж авсан гэх мэдээлэл байна. Бүхий л шатны шүүх Засаг даргын энэхүү үйлдэл хууль зөрчсөн болохыг тогтоосон ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй “луу унжсаар” байгаагийн шалтгаан нь бас л мөнгө үү? Аймгийн төвийн А зэрэглэлийн газрыг үнэ төлбөргүй олгосон нь үнэн бол иргэн би хууль ёсоор үнэгүй өмчлөх 0.5 га газраа Баруун-Уртад авахыг хүсч байна. “Жавхлант” компанид өгсөн газраа булааж аваад иргэн надад өгч болохгүй юу?

7. Иргэн н.Энхбаатар нарын хууль ёсны орон байрыг хүчээр буулгасан нь хууль бус болохыг тогтоосон ч шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн. Хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан мэтээр хэвлэлүүдээр удаа дараа мэдэгдэж байгаад чинь гайхах юм.

Хамгийн аймшигтай нь байраа буулгуулахгүй гэхдээ хаалгаа дарж зогссон балчирхан хүүхдийг цагдаа авч чулуудчихаад гэрийг нь нураахыг монголчууд цэнхэр дэлгэцээр харсан.

8. 2008 оны УИХ-ын сонгуульд “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлснийхээ хариуд 60 сая төгрөг авч хаус барьж байгаа тухай мэдээлэл тухайн үед тарж байсан. Тэгвэл Баруун-Урт хотын төвд орон сууцны зориулалтаар “Монос” компанид газар олгох шийдвэрийг гаргасан нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг биш үү.

Эмийн компани яагаад орон сууцны барилга барих болов, бас “Монос”-ын Л.Эрдэнэчимэг Сүхбаатарт орон сууц барьж буян үйлдэж буй мэтээр олон түмний тархийг эргүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Аймгийн төвийн хамгийн ашигтай байрлалыг мөнгө, эрх мэдлийн хэлхээ холбоогоо ашиглан авчихаад өндөр үнэтэй орон сууц барьж, сүхбаатарчуудыг өрөнд унагаж буйгаа мэдэлгүй сонгуулийн сурталчилгаандаа ашиг лах нь зохистой гэж үү. Орон сууц барьж түрийвчээ зузаалаад ханалгүй улстөрийн ашиг хонжоо хайх нь хэтэрхий шунасан хэрэг болно.

Мөн 2008 оны сонгуулиар ашиглалтад оруулан шоудаж байсан “Монос” компанийн байрыг Засаг дарга Ж.Батсуурь худалдан авсан гэх мэдээлэл байна. Ямар үнээр, ямар эх үүсвэрээр худалдан авсан, яагаад заавал “Монос”-ын барилгыг авах болов, дээр дурдсанаар нэр дэвшүүлэлт, хаус, орон сууцны газар олголт гэх мэтээр ханцуй дотроо наймаалцсаар байх уу?

9. Хөрөнгө орлогын мэдүүлгийг чинь үзвэл “Голомт” банкинд 850 сая төгрөгийн өртэй гэжээ.Тийм атал “Голомт” банкны толгой групп болох “Бодь”-ийн ерөнхийлөгч М.Зоригтыг УИХ-д нэр дэвшүүлэхээр үйлчлээд байгаа чинь эрх ашгийн маш том зөрчил гэдгийг сануулъя.

Бүр “Голомт” банкны зээлийн барьцаанд сүхбаатарчуудын саналыг тавьсан юм биш үү гэж бодож болохоор байна. Мөн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүний суудлаа М.Зоригтод өгөхдөө ямар тохиролцоо хийсэн бол гэх асуулт ч өөрийн эрхгүй гарна.

10. Сүхбаатар аймгийн Соёлын ордны барилгыг “Бодь” групп кино театр болгож буй тухай мэдээ үргэлж шахам цацагдах боллоо. Энэ чинь зүгээр л бизнес шүү дээ. Л.Эрдэнэчимэг барилга барьж мөнгө олж байгаатай л адил.

Гэтэл их л сайхан зүйл бүтээж буй мэтээр сурталчилж, Монголдоо гуравдугаарт орох театрт ч гэх шиг ярих болов. Засаг дарга яагаад “Бодь”-ийн кинотеатрыг сурталчлах болов. Харин ч энэ барилгыг, газрыг яагаад “Бодь” групп авав, ямар нэгэн сонгон шалгаруулалт болсон уу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.

11. Хөрөнгө орлогоо зөрүү, буруу мэдүүлсэн гэх мэдээ лэл сүүлийн үед цацагдаж байна. “Датуком” гэдэг компанийн хувь эзэмшдэгээ нуусан л гэнэ. Тийм гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн компани, бизнесгүй хүн дөрвөн жилд хагартлаа баяжиж, нийслэлийн А бүсэд шинэ байрны нэг давхрыг бүхэлд нь худалдан авч чадах уу?

/Эх сурвалж: Unen.mn 2012-5-22/

Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга хятадуудтай сүлбэлдсэн үү хэмээх нийтлэлд “…Сүхбаатар аймаг газар зүйн байршлаараа Хятадтай хил залгадаг бөгөөд газрын баялаг ихтэй аймгийн тоонд багтдаг. Тийм ч учраас уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани сум, орон нутаг хөгжүүлэх, ард иргэдэд өгөх зорилгоор дээд тал нь 10 сая төгрөг хандивласан гэдэг. Харин Ж.Батсуурь энэ мөнгийг өөртөө завшсан тухай маргаан одоо ч яригдсаар байгаа. Энэ асуудлаар нутгийн иргэд Засаг даргадаа мэдэгдэл хүргүүлж, уул уурхайн компаниудаас авсан мөнгөө нэхэмжилсэн аж. Харин Засаг ноён нийслэл хотод зохион байгуулсан “Сүхбаатар аймгийг хөгжүүлэх форум”-д зарцуулсан гэсэн хариу өгсөн нь бий. Уг нь энэ арга хэмжээнд оролцсон дотоодын компаниас 100, гадаадын компаниас 200 ам.долларын хураамж авсан нь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хангалт­тай гэсэн дүгнэлтийг сүхбаатарчууд хэл­дэг. Түүнчлэн Ж.Бат­суурь 2010 оны зурга­дугаар сарын 12-нд “Петрочайна Дачин Тамсаг” компаниас авсан 15 сая төгрөг бас л ор сураггүй болжээ. Дээрх компаниудаас авсан мөн­гө цаасан дээр мөргүй алга болсон бол “Петро Чайна Дачин Тамсаг”-аас ав­сан мөнгөний баримт өд­гөө аймгийн ЗДТГ-т үлд­сэн байна. Учир нь тэ­рээр аймгийнхаа албаны хүмүүстэй хамт байлцаж энэ мөнгийг авсан гэдэг. Энэ мэтчилэн Ж.Бат­суурийн хууль бус үйлд­лийг энд хэдийг л бол хэдийг дурдаж болно. Гэвч харамсалтай нь хууль гууль болсон энэ цагт орон нутагт ноёрхлоо тог­тоосон Засаг дарга ажил­ласаар л байна…” гэжээ.

Ж.Батсуурь 1971 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Эдийн засгийн коллеж, СЭЗДС, Удирдлагын академи төгссөн. 1991 оноос хойш Хөрөнгийн биржийн диллер, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, аймгийн Ардчилсан намын дарга,  тэгээд аймгийн Засаг дарга болсон. Харин 1994-1999 онд “Молор импекс” ХХК-ийн захирлаар ажиллаж бизнес хийж байжээ. Түүний бизнес өөрөө оролцохгүй байсан ч орлого ашиг нь гэрлийн хурдаар өссөн байх юм. Тиймээс 2013 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоороо аймгийн дарга нараа магнайлсан байна. Засаг дарга Ж.Батсуурийн хөрөнгө орлогын хэмжээ 2 872 105 000 /хоёр тэрбум найман зуун далан хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөг болжээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгө ихтэй. Ер нь аль ч талаараа аймгийн дарга нар дотроо “тэргүүн баян” аж.

Ж.Батсуурь урьд жилүүдэд хөрөнгөө нуусан хэрэгт унаж байжээ. Тухайлбал, 2010 ,2011 оны мэдүүлэгтээ Баруун-Урт сумын барилгын материалын модон хийцийн үйлдвэрийн барилга болон “Датуком” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэгээ нуусан байжээ. Тиймээс АТГ түүний нуусан хөрөнгийг шалгахаар болсон тухай “Өглөөний сонин”-д мэдээлж байв. Тиймээс аймгийн даргынхаа ажлыг сайн хийж, түүнийгээ тайлагнаж, төр засаг олон нийтээс үнэлэмж авч чаддаг шигээ өөрийнхөө хөрөнгө орлогыг хэрхэн өсгөв гэдгээ хэлж өгөх буй за.

Эх сурвалж: ulstur.mn


URL: