МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарын ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сард  томилогдсон А.Бүрэнбаатарын сонгон шалгаруулалт ХУУЛЬ БУС болсон тухай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 8 сарын 13-ны өдөр тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал Ерөнхий захирлын бүрэн эрхийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, нэгдүгээрт, байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, шилжилт хөдөлгөөн хийх хориглоно.
Хоёрдугаарт, Захиргааны санаачлагаар хэн нэгний хөдөлмөрийн гэрээний нөхцөл зүйл заалтыг өөрчилж, солих, тушаал шийдвэр гаргах эрхгүй. Гуравдугаарт, орлогын болон зарлагын ямар нэгэн гэрээ хийх эрхгүй.
Товчхондоо, зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж явуулна гэсэн утга бүхий тушаал юм.
Учир нь өнгөрсөн 6 сарын хугацаанд бүтцийн өөрчлөлт нэрээр дотоод зохион байгуулалтыг өөрчлөн олон хүний халаа сэлгээ хийсэн бөгөөд дахиж энэ үйлдийг давтахгүй байх үүднээс уг шийдвэрийг гаргасан байна.
Мөн хугацаанд МҮОНРТ-ийн нөхцөл байдал улам дордож, үйл ажиллагааны хувь ч олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байгаа нь нууц биш.
Өдгөө дотор нь ажиллаж байгаа уран бүтээлчид ч хүлээн зөвшөөрч нь удирдлагын туршлага мэдлэг муугаас олон сөрөг үр дагавар гарч байгааг хэлж, шүүмжилж байгаа юм.


URL: