С.Эрдэнэ: Б.Бейсен, Ж.Батсуурь нарыг АН-аас хөөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
М.Тулгат даргатай АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, тус намын гишүүн С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
О.Баасанхүү: -Ц.Туваан нь намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгад үйлчилсэн заалт оруулсан учраас өнгөрсөн наймдугаар сард намаас дөрвөн жилийн хугацаанд хөөх шийдвэр гаргасан. Тухайн үед намын дүрмийн бүртгэлтэй холбоотой шүүхийн асуудал яригдаж байсан. Харин саяхан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч АН-ын дүрмийн асуудлаар шийдвэр гаргасан шүүгч Сонинбаяр нь хууль зөрчсөн байна гэж үзсэн. Тиймээс Ц.Тувааныг АН-аас хөөсөн шийдвэрийг өчигдөр УИХ дахь намын бүлэгт танилцуулсан. Шүүхийн шийдвэр баталгаажихыг хүлээж байсан юм.
С.Эрдэнэ: -АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн наймдугаар сард Ц.Тувааныг намаас хөөх шийдвэр гаргахдаа УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нар сануулах арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Өнөөдөр АН-ын удирдлагын баг хуралдаж, Б.Бейсен, Ж.Батсуурь нар нь АН-д байх ёстой юу, үгүй юү гэдгийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөнд байдаг АН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр бусад гишүүдээ Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд гарын үсэг зуруулахгүй байх, бүлгийн даргын албан тушаалыг булааж авах оролдлого хийж байгаа.
URL: