Өчигдөр 117 сурагч, цэцэрлэгийн 11 хүүхэд халдвар авсан нь батлагджээ
Нийслэлийн онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, эмнэлгийн орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж:
Иргэдийн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах нь нэмэгдсэн. Нэмэлт дархлаажуулалтын хүртээмжийг нэмэх арга хэмжээг авч байна. Ковид-19-тэй зэрэгцэн улирлын томуугийн өвчлөл байгаа. Хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан.
Оюутны байранд очиж, дархлаажуулалтыг хийж байна. Энэ үйл ажиллагаанд оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Ням гарагт вакцинжуулалт хийхгүй. Иргэд даваагаас бямба гараг хүртэл вакцинаа хийлгээрэй. Хоёр долоо хоногийн өмнөөс эмнэлгүүдэд ор зохилцуулалтын багийг ажиллуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 500 иргэнийг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзсэнээс 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Их, дээд сургуулийн оюутнуудын дунд халдварын нөхцөл байдал ямар байгааг тандалтын баг гаргаж байгаа.
Сүүлийн 24 цагт цэцэрлэгээс 11 хүүхэд, 17 багш, 9 ажилтан, ЕБС-иас 117 сурагч, 43 багш, 7 ажилтан халдвар авсан нь батлагдсан байна.
Бүрэн цахимд шилжсэн сургууль нэг, цэцэрлэг нэг байна. Түүнчлэн хагас цахим шилжсэн сургууль, цэцэрлэг мөн нэг нэг байна.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн н.Цэнджав:
Эмнэлзүйн байдлыг дөрвөн янзаар үнэлж, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар хийх тухай яригдаж байна.
Хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлсэн хүний сэргээн засах эмчилгээг гэр бүл, хамт олонд түшиглэсэн байдлаар хийх зарчмыг баримталж байна. Иргэд ковидын дараах хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж аваад, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөгүйгээр зарим зүйлсийг туршиж байна.
Ковидын дараах хам шинжүүдийг арилгах зорилгоор батлагдаагүй сүлжээний бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Бие биедээ ам дамжуулан зөвлөгөө өгч, дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байна. Хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэсэн залуус дасгал хөдөлгөөнийг хэт эрчимтэй хийснээр сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Улмаар мэдрэл сулралын хам шинж даамжирдаг. Ковидын дараах сэргээн засах, тусламж үйлчилгээний заавар удахгүй гарна. Дэлхий нийтэд ч энэ заавар түр хугацаанд гарч, шинэчлэгдэж байгаа.
Ковидоор өвчилсний дараа мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр сэргээн засах эмчилгээг хийлгээрэй гэж иргэдэд захья.
URL: