Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх санал дэвшүүллээ


Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх санал дэвшүүллээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Ганцмод, Мандал боомтын үйл ажиллагаатай тус танилцжээ.

Элчин сайд Т.Бадрал хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх, хүчин чадлыг нэмэгдүүлж, хамруулах жолооч нарыг тоог өсгөх, шинжилгээний мэдээллээ харилцан тогтмол солилцох, чингэлэг тээврийн терминалаас туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг тодорхой саналыг дэвшүүлэв.

Харин Ганцмод боомтын удирдлагын зүгээс хилийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх асуудалд Хятадын тал онцгой анхаарал хандуулж байгааг илэрхийлж, өдөрт 200 авто машин хилээр нэвтэрдэг байсныг өнөөдрийн байдлаар 350 хүртэл нэмэгдүүлснийг мэдээлсэн байна.

Мөн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам сайжруулсны үндсэн дээр ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Түүнчлэн Элчин сайдаас дэвшүүлсэн саналыг дэмжиж байгааг илэрхийлж, зарим асуудалд холбогдох байгууллагаас санал авч хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Элчин сайд Т.Бадрал Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, Бугат хотын дэд дарга Ван Руй болон Дархан Муумянган хошууны дарга Ши Зунчин нартай уулзав. Тэрээр хилийн боомтын дэд бүтцийг сайжруулснаар Ханги-Мандал боомтын хоёр улсын худалдаанд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжтойг  тэмдэглэв.


URL: