МЗХ-ны албан тушаалаасаа чөлөөлөгдсөн “дэд”-үүд Ерөнхийлөгчөө буулгах үндэслэлдээ өөрсдөө бүдрэв
Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ өмнө нь МХЗЭ байхдаа маш их өмч хөрөнгөтэй байснаас 1991 оны хувьчлалаас эхлээд үрэхийг нь үрж, үгүйрсээр өдгөө 4 давхар нэг объекттой л үлдээд байгаа юм. Үлдсэн цор ганц үл хөдлөх хөрөнгө болох тухайн байрны ард талын газар дээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлсэн аж. Энэ шийдвэр гарснаас хойш хагас жилийн дараа буюу өнөөдөр /2021.10.12/ тус холбооны дэд ерөнхийлөгч нар үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг эрх мэдлээ ашиглан дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргаснаа олон нийтэд мэдэгдэв. Мэдээллээс товч дурьдвал, О.Гэрэлт-Од нь засвар үйлчилгээ хийнэ гэсэн бичигт Удирдах хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж МЗХ-ны байрны газар дээр тендергүйгээр барилга бариулах гэрээ хийсэн, үүнтэй холбоотой мэдээлэл өгөхийг шаардаж, удаа дараа албан бичиг өгсөн боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Мөн дүрмийн бус орон тоо гаргаж УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүндэт ерөнхийлөгчөөр томилсон гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Улмаар МЗХ-ны Удирдах хороо 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж О.Гэрэлт-Одыг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч Ж.Нямааг томилох тухай тогтоол гаргаснаа мэдэгдлээ. Түүнчлэн Удирдах хорооноос Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдааныг аравдугаар сарын 29-нд зохион байгуулах тогтоол гаргаж, хуралдаан болтол Ж.Нямаа холбоог удирдана гэх мэдээллийг өгөв.
Харин МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын хариу тайлбараар дээрх тогтоол болон бусад мэдээлэл бүгд үгүйсгэгдэв. Юун түрүүнд нэг тайлбар хүргэе. МЗХ нь Үндсэн дүрмээр таван дэд ерөнхийлөгчтэй байна гэж заажээ. Тэгвэл хоёр дэд нь тодорхой асуудлаас болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Дэд ерөнхийлөгч Б.Дөл нь зарим дэд ерөнхийлөгчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж МЗХ-ны Удирдах хороо гэсэн хуурамч тамга хийлгэж Улсын бүртгэлд хандсан байдаг юм байна. Уг асуудлыг СБД-ийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл гаргасан учраас түүнийг холбооноос хөөжээ. Мөн дэд ерөнхийлөгч Г.Чойжамц МЗХ-ны 100 жилийн ойн медалийн 85 сая төгрөгийг Хөх үүр тур ХХК-иасаа өгч медаль хийлгэсэн газраас нь аваад компанийнхаа байранд аваачиж заржээ. Ингэхдээ нягтлан Ц.Мөнхбаярын хувийн дансаар мөнгийг нь авч байсан гэх баримт байгаа бөгөөд үүнийг мөн СБД-ийн цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа аж. Уг нь МЗХ ойн 11 мянган ширхэг 100 жилийн ойн медаль, 1000 ширхэг энгэрийн тэмдэг захиалж 20 орчим сая төгрөгийг нь өгсөн, 85 сая төгрөг өгөх дутуу байжээ. Хөх үүр тур ХХК нь олон нийтээс санхүү босгож үйл ажиллагаа явуулж ашиг олдог юм байна.
Сонирхуулахад, МЗХ-ны нэг дэд ерөнхийлөгч нь өөрөө өргөдлөө өгсөн, хоёр нь хөөгдсөн, хоёр нь чөлөөлөгдсөн гэсэн мэдээлэл байгаа юм. Дэд ерөнхийлөгч 2 жилээр сонгогдон ажилладаг бөгөөд тэд улиран ажиллаж байжээ. Тэднийг Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн гэнэ. Үндсэн дүрэмд Ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх бүрэн эрхтэй юм байна.
Тэгэхээр “гомдогсод” өөрсдийг нь чөлөөлсөн хүний эсрэг зохион байгуулалттайгаар дайралт хийв үү?
Өнөөдөр тэдний хөндсөн гол асуудал бол МЗХ-ны газар дээр 2021 оны 4 сараас эхэлсэн барилгын асуудал. Энэ талаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд ярихдаа Удирдах зөвлөлд танилцуулаагүй, тендер зарлалгүйгээр шууд нэг компаниар нууц гэрээний хүрээнд барилгын ажил эхлүүлсэн гэсэн юм. Харин Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэднийг энэ тайлбарыг хийх үед Удирдах хорооны гишүүдийн гарын үсэг бүхий тогтоолыг гаргаж ирэв.
Үүгээр гишүүд холбооны төв байрыг өргөтгөх, шинэчлэх болон засвар, тохижилтын ажлыг хийх талаар мэдэж байсан нь нотлогдож байна. Барилгын компанитай хийсэн гэрээний тухайд, МЗХ газрын төлбөрт 16 давхар барилгын 1, 2-р давхрыг, мөн 30 хувийн хөрөнгө оруулалт хийгээд МЗХ нийт 42.5 хувийн ашиг авахаар хийгджээ.
Удирдах хорооныхон барилга байгууламжийн асуудлыг мэдэж байсны бас нэг нотолгоо бол ЕНБД Б.Төрсүлдийн гарын үсэг бүхий хүсэлт байлаа.
МЗХ нь ТББ тул тендер зарлах эрх зүйн орчин байхгүй учраас олон компаниудыг судлан уулзаж, хамгийн өндөр хувь өгөх компанитай тохирч гэрээ хийсэн учиртай юм байна. Энэ талаар тайлбарлаж 2,3 удаа Удирдах хорооны гишүүдтэйгээ уулзаж байсан гэдгээ О.Гэрэлт-Од хэллээ.
Дүрмийн бус томилгоо хийсэн гэх асуудлыг өнөөдөр мэдээллийн үеэр бас ярьсан. МЗХ-ны Үндсэн дүрэмд Ерөнхийлөгч нь салбар нэгж байгуулах гэхчлэн шинэ статусыг бий болгох эрхийнхээ хүрээнд Хариуцлагын хороотой зөвлөлдсөний үндсэн дээр хүндэт ерөнхийлөгчийн томилгоо хийгджээ.
Эцэст нь Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдааныг энэ сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлосон тогтоол нь хүчин төгөлдөр бус боллоо. Учир нь тус хуралдааныг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах дүрэмтэй юм байна.
Ийнхүү баримтаар үгүйсгэгдэж буй мэдээллүүдийг зүтгүүлэн, мушгин гуйвуулж олон нийтэд хүргэхийг зорьсон нь цаанаа ямар нэгэн хардлага дагуулж эхэллээ. Тухайлбал одоогийн Ерөнхийлөгчийг чөлөөлөх нь хэнд ашигтай байж болох вэ? Үүнтэй холбоотойгоор Үндсэн дүрмийн доорх заалт анхаарал татна.
Залуучуудын байгууллагын барилгыг өргөтгөн нэмэх ажил хэнд таалагдсангүй вэ?
Өнөөдөр хэрэгжиж буй МЗХ-ны Үндсэн дүрэмд том өөрчлөлт хийх цаг нь болсон, ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон хэмээн тэвдэн бухимдаж байгаа тэдний ард үнэндээ хэний эрх ашиг илүү хөндөгдөж байгаа юм бол?
МЗХ-ны байранд хийсэн мэдээллийн дундуур тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Удирдах хорооныхны гарын үсэг бүхий баримт бичгүүдийг үзүүлж тайлбар хийх гэхэд УХ-ны гишүүд үг хэлүүлэхгүйг хичээн сандралдаж байсныг дурьдахад илүүдэхгүй байх.
МЗХ нь нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй ТББ бөгөөд өмнө нь зөвхөн нэг хүний үзэл бодол, зарчмаар явж ирсэн тус байгууллагын хувьд өнөөдөр хэн дуртай нь удирдлагаа унагана гэхчлэн мэдэгдэл хийгээд явж байгааг сайн талаас нь харвал шинэчлэлийн хүрээнд дотоод ардчилал бий болсны жишээ, бас дэвшил гэж үзэж болох юм.
URL: