Фэйсбүүк компанийн үйлчилгээнүүд хоёр дахь удаагаа тасалджээ

29e73547b5e8402f1b14c8d8a8f74b37

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Facebook, Instagram үйлчилгээнүүд тасалдсан нь долоо хоногийн дотор гарсан хоёр дахь тохиолдол болжээ.

Энэ удаагийн тасалдал Instagram үйлчилгээнд голлон нөлөөлсөн байна. Фэйсбүүк компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлал гуйж, дахин саатал гаргахгүйн тулд хичээж ажиллахаа амлажээ.

Баасан гарагийн тасалдал нь өнгөрсөн Даваа гарагийнхтай харьцуулахад богино хугацаанд үргэлжилсэн байна. Тодруулбал Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагаас 04:00 цагийн хооронд үргэлжилснийг Downdetector сайт мэдээлжээ.

Даваа гарагийн тасалдал нийтдээ бараг 7 цаг үргэлжилж, Фэйсбүүк компанийн эзэмшдэг Facebook, Instagram, WhatsApp үйлчилгээнүүдэд нөлөөлсөн юм.

Дотоод техникийн асуудлаас болж үйлчилгээ тасалдсаныг Фэйсбүүк компани тухайн үед тайлбарлаж байжээ.

Facebook нь өнөөдөр дэлхийн хамгийн том сошиал платформд тооцогддог бөгөөд 2.8 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй гэгддэг.

Мессэнжэрийн WhatsApp платформ 2 тэрбум, фото, видео хуваалцдаг Instagram платформ 1.3 тэрбум орчим хэрэглэгчтэй болжээ.


URL: