Оросын кино баг Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ
ОХУ-ын уран бүтээлчдийн баг түүхэнд анх удаа сансарт уран сайхны киноны зураг авалт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл кино багийнхан Дэлхийн тойрог замд байрлах Олон улсын сансрын станцад амжилттай очжээ. Кино багийг тээсэн ”Союз МС-19” хөлөг Казахстан дахь Байконурын сансрын буудлаас хөөрж, гурван цагийн дараа Олон улсын сансрын станцтай холбогдсон байна.
Багийн бүрэлдэхүүнд 37 настай жүжигчин Юлия Пересфильд нарын зэрэг уран бүтээлчид явж буй. Оросууд сансарт буюу дэлхийн тойрог замд уран сайхны киноны зураг авалт хийх өрсөлдөөнд ийнхүү АНУ-аас нэг алхам түрүүлж чадсан байна. АНУ-ын тухайд, жүжигчин Том Круз НАСА-тай хамтран сансарт кино хийх төсөл яригдаж байсан ч оросуудад ийнхүү өрсүүлжээ.
Оросын хэвлэлүүдэд энэ мэдээллийг сансарт уран сайхны кино хийх анхны уран бүтээлчид нь Холливудынх биш, Оросынх байлаа гэсэн агуулгаар ихэд урамтайгаар мэдээлж байгаа аж. Уран бүтээлчид сансарт нисэхийн тулд багагүй бэлтгэл хийсэн. Найруулагч Шипенко л гэхэд 15 кг жин хассан гэж эхнэр Софья Карпунина нь “Комсомольская правда” сонинд ярьсан байна.
URL: