Сурагчдын хоцрогдол арилж, сургалтын чанар сайжирсан уу?
Цар тахлын улмаас сурагчид хоёр жил орчим цахимаар хичээллэж, зайнаас суралцсан. Харин энэ намраас ЕБС-ийн сурагчид тав хоног танхимаар, ес хоног цахимаар хичээллэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл нэг долоо хоног танхимаар хичээллэсэн сурагчид дараагийн долоо хоног нь танхимаар хичээллэж буй. Энэ нь халдварын тархалтыг хумих, халдвар авсан тохиолдол эдгэрээд хичээллэх нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар салбар яам нь мэдээлсэн.
Ийнхүү хосолсон хэлбэрээр хичээллээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сурагчдын хоцрогдол арилж, сургалтын чанар сайжирч чадсан эсэхийг сурвалжиллаа.
Багш нарын ачаалал хоёр дахин нэмэгджээ
Цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллэх нь 100 хувь танхимын сургалттай дүйцэхүйц үр дүнтэй байж чадахгүй байгааг багш нар хэлж байлаа. Учир нь сурагчид танхимаар хичээллэсэн долоо хоногийн хичээлээ гэртээ төдийлөн давтдаггүй. Ялангуяа бага ангийн сурагчид үсгээ мартах, бичгийн хэвээ алдах, тоо хүрдээ тогтоохгүй байх зэрэг хүндрэл үүсэж байгаа аж. Энэ талаар 76 дугаар сургуулийн нэгэн багш мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Дунд, ахлах ангийн сурагчид бие дааж хичээл хийх чадвартай байдаг учир цахимаар хичээллэх боломжтой. Харин бага ангийн сурагчдын хувьд эцэг, эх нь анхаарахгүй л бол цахим хичээл үр дүнтэй байж чадахгүй байна. Би энэ жил хоёрдугаар ангид багшилж байгаа. Манай ангийнхан одоо л уншиж сурч байна. Уг нь нэгдүгээр анги төгсөхдөө уншиж, бичээд сурчихсан байх ёстой шүү дээ. Гэвч хоёр жил цахимаар хичээллэсэн учир хүүхдүүдийн сурлагын чанар сул байна. Гэхдээ цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллэх нь дандаа цахимаар хичээллэхээс арай дээр юм. Ядаж л хичээлээ бататгаад, хүүхдүүдтэйгээ тулж харилцах боломж бүрдэж байна” гэсэн юм.
Хосолсон сургалтын үед нэг ангийг хоёр бүлэгт хуваагаад хичээллүүлж буй. Тухайлбал, 10А ангийн нэг бүлгийн 20 хүүхэд танхимаар хичээллэж байх үед нөгөө бүлгийн 20 сурагч цахимаар хичээллэдэг. Ийнхүү нэг ангид орох хичээлээ цахим, танхим гээд хоёр хувааж зааж байгаа учир багш нарын ачаалал эрс нэмэгджээ. Энэ талаар 21 дүгээр сургуулийн багш “Багш нарын ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Анги удирдсан багш нар бүр ч амаргүй нөхцөлд ажиллаж байна. Тахимаар хичээлээ заана, цахимаар хичээллэж байгаа хүүхдүүдэд мөн хичээл орно. “Moodle” систем рүү цахим хичээлээ бэлтгэж оруулна гээд ажил маш их. Дээрээс нь ангийнхаа хүүхдүүдийг халдвараас хамгаалах, шинж тэмдэг зэргийг нь хянах гээд олон ажлыг анги удирдсан багш нар л нугалж байна. Ингэхээр хүүхдүүддээ гаргах цаг багасчихдаг юм байна. Түүнчлэн аль нэг багш Ковид19 халдвар авсан тохиолдолд сургуулийн бусад багш нар хичээлийг нь заадаг” гэсэн юм.
“Цахим хичээлээс ойлгоогүй зүйлээ танхимаар орохоороо асуудаг”
Цахим болон танхимаар хичээллэх нь хэр үр дүнтэй байгаа талаар сурагчдаас тодрууллаа. 10 дугаар ангийн сурагч Л.Өлзий-Орших “Хичээл нэг долоо хоног танхимаар, нэг долоо хоног цахимаар орж байгаа нь үр дүнтэй санагдсан. Цахим хичээлээс ойлгоогүй зүйлээ танхимаар орохоороо асууж, тодруулах боломжтой. Гэхдээ заримдаа багш нар хичээлээ ордоггүй. Цахимаар хичээл орохгүй байх тохиолдол элбэг. Бие дааж хичээлээ давт гэдэг. Үзсэн хичээлээ өөрсдөө бататгаж болох ч шинэ хичээл өөрсдөө судалж, сурах боломжгүй. Мөн багш нар их халдвар авч байх шиг байна. Заримдаа хичээл орох ёстой багшаас өөр багш заадаг” гэлээ.
Оюутнууд цагийн хуваарьт “чангалуулж” байна
Харин оюутнуудын хувьд лекц цахимаар, семинар танхимаар орж буй. Энэ нь давуу тал болж байгаа талаар зарим оюутан хэллээ. Гэхдээ хичээлийн хуваариа нарийн тооцоолохгүй бол хүндрэл үүсдэг аж. МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Х.Очирсүх “Лекцээ цахимаар сонсоод, семинар дээрээ бататгаад явдаг нь давуу талтай санагдсан. Гэхдээ лекц, семинар хоёр давхцаж таарвал их хэцүү. Жишээ нь, миний нэг мэргэжлийн хичээлийн лекц, семинар хоёр дараалж ордог. Тиймээс аль, алинаас нь хоцрохгүйн тулд заавал дататай байх шаардлага тулгардаг. Сургуулийн номын сан интернетгүй учир дата л байхгүй бол хичээлдээ сууж чадахгүйд хүрнэ” гэсэн юм.
http://eagle.mn/r/92528
URL: