Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад унах чинь?
Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ “С.Зоригийн хэрэг мөрдөн байцаалтад буцсан учир Тагнуулын ерөнхий газарт шинээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газраас хүмүүс орж ажиллаж байгаа” гэж мэдэгдсэн. Ардын намын Хууль зүйн сайд гэнэт С.Зоригийн хэргийг сөхөөд унасан нь огтоос гайхах юм биш. Сонгууль болгоноор Зоригийн хэргийг гаргаж ирж, Ардчилсан намын нэрийг унагах, баалах, бурууг энэ нам руу тохох гэсэн явуулгыг МАН сүүлийн 23 жил хийж хэрэгжүүлж ирсэн. Сонгинохайрхан дүүрэгт болж буй УИХ-ын нөхөн сонгуулийн энэ өдрүүдэд эрх баригч Ардын нам С.Зоригийн хэргийг сөхдөгөөрөө сөхөж, улс төрийн ээлжит шоугаа хийж эхэллээ.
Х.Нямбаатарын “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Тухайлбал, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн нь улс төрийн ээлжит шоу, энэ бол шинэ ч юм биш, юу ч биш. Ажлын хэсэг шинээр байгуулагдлаа гээд яг юу хийх юм, ямар гаргалгаа байгаа юм. Уг хэргийг Монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуул хууль хүчнийхэн бүгд оролцоод бүхэл бүтэн гурван шатны шүүхээр урт удаан хугацаанд илрүүлж, эцэслэн тогтоосон. 2017 онд гурван шатны шүүхийн эцсийн шийдвэрээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт тус бүрд нь 20 жилийн ял оногдуулсан.
Харин эдгээр ялтнуудыг ял эдэлж байх явцдаа эрүүдэн шүүлтэд орсон, үндсэндээ тэдэнд эрүү шүүлт тулгаж гаднаас нөлөөлсөн гэх үндэслэлээр өмгөөлөгч, хууль эрх ашгийн хамгаалагчдаас гомдол гаргаж, уг гомдлын дагуу эрүү үүсгэн шалгахад эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Мөн “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гээчид үндэслэн Улсын дээд шүүхээс гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа дээрх ялтнуудын өмнөөс уучлалт гуйж, амьдралдаа анх удаагаа уучлалт гуйж үзэж байна хэмээн тонголзож гүйсэн. Түүний хүчинд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх гэмт этгээдүүд суллагдаж өнөө “шинэ нөхцөл байдал” гэгч нь үүссэн. Гэвч өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хийсэн хэрэг хүчинтэй байгаа. Тэдэнд эрүүл шүүлт хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон болохоос тэднийг С.Зоригийг алаагүй байна гэх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа нь үнэн.
Сүүлийн үед уг хэрэгтэй холбоотой нэг яриа нийгэмд ихээхэн газар авах болсон. Тэр нь юу вэ гэхээр “Зориг маргааш нь Ерөнхий сайдад нэр дэвших байсан. Тиймээс түүний нүүрийг хүн харахын аргагүй болтол нь зодож гэмтээх, хавдааж, халцалж хөх алаг болгох даалгаврыг одоогийн МАН буюу тухайн үеийн Ху намын нөлөө бүхий этгээд өгч явуулсан” гэх яриа. Ийм даалгавар авсан бага залуу нөхдүүд очоод айсандаа хутгалаад алчихсан гэж яригдаад байгаа. Хэрвээ С.Зоригийн хэргийн үнэн мөнийг тогтоовол одоогийн МАН буюу хуучны МАХН-д нэр хүндэд нь айхавтар сөргөөр нөлөөлж, ард түмний дунд үнэн нүүр царай нь илрэн, Ардын намын түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбо болж үлдэх ийм л аюул байгаа юм. Тиймийн учир уг хэргийг илрүүлэхгүйн төлөөх бүхий л арга чаргыг хэрэглэж, энэ олон жилд Монголын ард түмнийг хууран мэхэлж ирсэн үнэн төрх нь танигдаж, тэд хуулийн хатуу гэсгээл амсах болохоор эрх баригч намын нэр бүхий нөхдүүд үхэн хатан зүтгэцгээж байгаа. Уг хэрэг илрээд, бүр батлагдаад, гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдчихсон байхад хүртэл яаж ийгээд, ямар нэгэн завсар зай гаргаад буцаад мөрдөн байцаалтад шилжүүлнэ гэдэг нь цаанаа асар их айдас хүйдэс агуулж байгаагийн илрэл мөн.
Ингэж намынх нь хувь заяатай, өөрсдийнх нь амь нас, албан тушаалтай холбоотой учир Ардын намын нэр бүхий улстөрчид, Зоригийг амиа алдах үед ч одоо мөн ялгаагүй улс төрд өндөр алба хашиж байгаа нөхдүүд уг хэргийг АН-д болоод тус намын нэр бүхий улстөрчдөд ямар нэгэн байдлаар тохох гэж үздэг нь сонгууль бүхнээр харагддаг. Үүний бүрэн зураглалыг монголчууд бүтэн 23 жилийн туршид хангалттай үзлээ. Юмны учир начир мэддэг хүмүүс одоо уг хэргийн үнэн мөнийг ойлгож эхэлсэн. Х.Нямбаатарыг “Шинээр ажлын хэсэг байгуулсан” гэж мэдэгдэнгүүт “Өө, Ардын намынхны Зоригийн хэргийн сонгуулийн ээлжит шоу эхэллээ” гэцгээсэн. Уг шоуны өрнөл Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай холбоотой гэдэг нь Нямбаатарын мэдэгдлийн дараа, өнгөрөгч амралтын өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчдын нэг гэгдэх Т.Чимгээгийн ярианаас маш тодорхой харагдсан. Т.Чимгээ “Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч, бид нарт мөнгө өгсөн гэж Амгаланбаатар ярьсан” хэмээн хэлсэн. Тэгээд зогсохгүй “Содномдаржаа бид хоёрыг Амгаланбаатарын мэдүүлснээр Зоригийг алсан гээд нотлоод байгаа. Гэтэл яагаад Амгаланбаатарын хэлснээр Бат-Үүлийг захиалагч гэдгийг нотлохгүй байгаа юм” гэх утга бүхий зүйлийг ярина лээ. Үндсэндээ энэ хэргийн дундаас захиалагч гэх Бат-Үүлийг сугалаад авчихлаа гэж яриад буй нь цаанаа улс төрийн зорилготой гэдгийг харуулсан.
Энэ бүх үйл явц ард түмний дургүйг хүргэлээ. Цахим ертөнцөд бүгд улс төрийн шоугаа зогсоо гэж бичиж байна.
“Т.Чимгээ юу гэж уйлан донгодсон ч тэр С.Зоригийг алсан онц ноцтой гэмт хэрэгтэн мөнөөс мөн” гэж олон нийт бичиж байна. “Зоригийн хэргийг ашиглаж шоудаж улс төрийн зорилгодоо нийцүүлж байгаа хэн гуай ч сайхан харагдахаасаа өнгөрчээ. Харин ч бүр муухай харагдаж мууг бодогдуулдаг болж.
Уран бүтээлч хүний харах өнцөг, мэдрэмж гэж яахын аргагүй ертөнцийн торгон үнэн байдаг юм байна. 23 жилийн өмнө нэрт зураач Ц.Байдын зурсан ам зураг өдгөө 23 жил өнгөрчихөөд байхад улам адилхан болоод байгаа нь үйлийн үр үү, үнэний гэрч үү. 23 жил шоудлаа, хорилоо, шүүлээ, хэлмэгдүүлэн доромжиллоо. Одоо болохоор хэлмэгдүүлжээ гэж хэнгэнэтэл уйлуулаад дахиад хэдэн жил шоудах нь. Эл хэрэг сонгууль болгоноор сохор хөзөр болдог явдал үүгээр дуусч байна” гэж Р.Эмүжин бичсэн байна лээ.
Ардын намын нэр бүхий нөхөд энэхүү ээлжит жүжгээ одоо боль оо. Ард түмэн нэг хэсэгтээ итгэж байсан бол одоо та бүхний зохион найруулсан жүжигт итгэхээ больж, улам бүр үзэн ядаж, зэвүүцэн хорсох болсон байна. С.Зоригийн хэргийг хэрхэн илрүүлснээ Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр дүгээр хэлтсийн хяналтын прокурор н.Батжаргал маш тодорхой ярьсан байдаг. Мөн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа” гэж Улсын ерөнхий прокурор тухайн үедээ Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байсан. Шүүх, прокурор хууль хүчнийхний эцэслэн тогтоосон хэрэгт ард түмэн итгэж байна. “Ардын нам сүүлийн хэдэн жил төр барихдаа Зоригийн хэргийг буцаалаа. Хэрвээ Ардчилсан нам төр барьж байсан бол энэ хэрэг аль хэдийнэ үнэн мөнөөрөө илрэх байсан. Алуурчдыг шоронд хатааж, шонд өлгөж байгаад илрүүлэх байсан” гэж олон нийт бухимдаж байна. Тэгэхээр Ардын намын “шалгарсан” арга одоо нэгэнт улиг болжээ. “Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад уначих чинь” гэж захын хүн тохуутай нь аргагүй хэлдэг болсон байна.
URL: