Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн “нахиа”

16316979336141bc0d350f5Өнөөгийн эрх баригчид улс төрийн ургийн модоо хэрхэн арчилж “ургуулж” байгааг урьд нь мэдээлсэн. Хэрэв тэрхүү ургийн модны салаа мөчир, навч найлзуур бүрийг нарийвчлан харвал төрийн алба төрлийн албаны сүлжээ болж буй  бүр ч тод зураглал гарах биз ээ.

…2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдож байв. Урьд нь дэд ерөнхийлөгчөөр ажилаж байсан туршлагатай, чадвартай гэсэн тодотгол түүнийг дагалддаг.

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг удирдана гэдэг том томилгоо. Гэхдээ тэр энэ том эрх мэдлээ ашиглан хүү Л.Тэмүүжингээ Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар томилуулж, намынхаа нөхдийн жишгээр “ургийн мод-оо” ургуулж амжижээ.

Хөрөнгийн удирдлагын газар нь дотроо  Нөөцийн удирдлагын, Эх үүсвэрийн, Хөрөнгө зохицуулалтын гэсэн гурван чухал хэлтэстэй том газар. Тэгэхээр Л.Тэмүүжин Хөгжлийн банкны бүрэн эрхийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багийн нөлөө бүхий дарга болж байгаа нь энэ юм.

Уг нь Б.Лхагвасүрэн төв банкны Ерөнхийлөгч гэдэг утгаараа арилжааны банкуудтай ямар нэг хэмжээгээр эрх ашгийн зөрчил үүсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл арилжааны банкинд хүүгээ газрын захирлаар томилуулснаар энд эрх ашгийн зөрчил үүсч байна гэсэн үг юм.

Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Хөгжлийн банк тусдаа хуультай ч, нэг талаасаа ашгийн төлөөх  арилжааны банк. Харин нөгөө талаасаа тус банкны засаглалын тогтолцоонд Монголбанк шууд оролцдог болхоор хамааралтай гэж харахаас өөр аргагүй.

Тодруулбал, Хөгжлийн банкны засаглалын тогтолцоонд Улсын Их Хурал, Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Үндэсний болон олон улсын аудитын байгууллага, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудит, Гүйцэтгэх удирдлага гэсэн институцүүд оролцож, хоорондоо харилцан уялдаа, хяналттай, нэгдмэл удирдлагтай ажилладаг.

Энэ хүрээнд  Монголбанк нь Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу тус банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан баталж, энэхүү журмын хэрэгжилт, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтыг хэрхэн мөрдөж байгаа талаар хяналт тавьж, шалгалт хийдэг.

Энэ өнцгөөс нь харвал аавын тодорхойлсон бодлогыг хүү нь хэрэгжүүлээд, хариуд нь аав нь бас хянаж шалгаад явж байгаа юм уу гэмээр төсөөлөгдөж байна. Үүнийг л ургийн модтой хамт үүсч байгаа эрх ашгийн зөрчил гэж хармаар санагдаад байгаа юм. Түүнчлэн Хөгжлийн банкны хуулийн 7.1.7-д буй хараат бус хөндлөнгийн хяналттай байх зарчим энд алдагдаж байгаа юм биш биз…

 “Хөгжлийн банкны хуулийн 21.3-т Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө” гэсэн заалт байна.  Тэгвэл газрын захирал Л.Тэмүүжин энэ заалтын хүрээнд  нээлттэй сонгон шалгаруулалтаар үнэхээр  мэдлэг чадвар, мерит зарчмаар гэхчлэн Төрийн албаны зөвлөлийнхний наанаа ярьдаг шалгуураар ТУЗ-өөс томилогдов уу, аль эсвэл аавын нөмөр нөөлөг, захиалга уу байв уу.

Олон нийтийн зүгээс бол “Даргын хүүхэд дарга болдог” тэр л зам “зарчим”-аар явж байна гэж энэ томилгоог түлхүү харж таарна.

МАН-ын засаглалын үед  ургийн модонд бүл нэмсэн нэгэн томилгооны тухай өгүүлэхэд ийм буюу.

Г.Хан

Toim.mn


URL: