450 иргэнийг 8 тэрбум гаруй төгрөгөөр хохироосон Д.Гүрсоронзод 10 жилийн хорих ял оноолоо
450 иргэнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзийг шүүхээс гэм буруутайд тооцож хорих ял оноолоо. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ирүүлсэн Д.Гүрсоронз, Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ.
Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8,661,779,880 төгрөг татан төвлөрүүлсэн байна.
Хуульд зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын 5 өдрийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан болж, шүүхээс Монгол Улсын нэрийн өмнөөс Шийтгэх тогтоол гарч шүүгдэгч Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.
Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заасан байна.
https://tumen.mn/p/13784
URL: