Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээ зургаан цаг гаруй хугацаанд доголдлоо


Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээ зургаан цаг гаруй хугацаанд доголдлоо
Фэйсбүүк, Инстаграм, WhatsAp зэрэг нийгмийн сүлжээ зургаан цаг тасарч доголдсоны дараа хэвийн байдалдаа орж байна гэж Фэйсбүүк Инк компаниас мэдээлэв. Эдгээр гурван үйлчилгээ нь бүгд Фэйсбүүк Инк компанийн эзэмшилд байдаг бөгөөд дээрх хугацаанд вэб болон ухаалаг утасны аппликейшн дээр хандах боломжгүй байв. Тасалдлыг хянадаг Downdetector сайт мэдээлэхдээ энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн том саатал байсан бөгөөд дэлхий даяар асуудал дагуулсан 10.6 сая үйлдэл бүртгэгдсэн гэжээ. Фэйсбүүк хамгийн сүүлд 2019 онд ийм төрлийн алдаа гаргасан бөгөөд өнөөдөр үүссэн нөхцөл байдалд олон нийтээс хүлцэл өчжээ. Тэд саатал эхэлсэн даруйд албан ёсны твиттер хуудастаа “Манай апп, вэб рүү нэвтрэхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа ба бүх зүйлийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна. Та бүхэнд төвөг удаж байгаа бол хүлцэл өчье” хэмээсэн бол хамгийн сүүлд “Бидний үйл ажиллагаанаас хамааралтай дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжээс уучлалт хүсье.  Бид өөрсдийн апп, үйлчилгээнд нэвтрэх эрхийг бүрэн сэргээхийн тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд одоо хэвийн орж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа” гэжээ. Мөн энэ талаар Фэйсбүүкийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг ч өөрийн албан ёсны хуудастаа бичиж, хүлцэл өчжээ. Эх сурвалж: BBC

URL: