БАРИМТ: Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт холбогдох 1.3 тэрбумын санхүүгийн зөрчил

1633361804615b1f8c9b107Үндэсний Аудитын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж 1 тэрбум 328 сая 518 мянган төгрөгийн зөрчил илрүүлжээ.

 - Тендерт оролцогч компаниудад харилцан адилгүй шалгуур тавьж, баталгаат хугацаагүй торхтой модны сав худалдан авчээ -

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 онд нийтийн эзэмшлийн гудамж талбайд торхтой модны сав байршуулахаар нийт хагас тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Ингэхдээ тендерт оролцогч компаниудад харилцан адилгүй шалгуурыг тавьсан байгаа юм. Тухайлбал “Түшээ өргөө трейд” ХХК-тай торхтой модны сав худалдан авах гэрээ хийхдээ баталгаат хугацааг 3 жил байхаар тусгасан бол “Фючер Пайшн Тийм” ХХК , “Эбил тек” ХХК,  “Тод газар” ХХК-уудтай гэрээ хийхдээ баталгаат хугацааг 0 жил байхаар тусгасан байсныг аудитын шалгалтаар тогтоожээ. Үүнээс гадна тендерийн бичиг баримтыг боловсруулахдаа техникийн чадавх, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар зэрэг гол шалгуур үзүүлэлтийг огт тусгаагүй байжээ. Аудитын шалгалтаар торхтой модны сав худалдан авахтай холбоотой нийт 507 сая 548 мянган төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн байна.

 - Татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй 3 хогны машин авчээ -

2020 онд 4.7 тонны даацтай 3 ширхэг хогны машин 187 сая төгрөгөөр худалдан авсан гэх санхүүгийн тайланг шалгахад дээрх гурван хогны машин нь 4.7 тонн бус 2 тонн даацтай хог тээврийн машинууд байжээ. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, чанаргүй хөрөнгө худалдаж авсан зөрчил аудитын шалгалтаар ил болов.

 -  582 сая төгрөгийн И-баримтгүй гүйлгээ хийжээ -

Төрийн байгууллага иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа И-баримтыг тухай бүрд авч байх ёстой. Гэвч Улаанбаатар хотын Захирагчийн алба өнгөрсөн онд хагас тэрбум төгрөг буюу 582 сая төгрөгийн И-баримтгүй гүйлгээ хийж Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, Төсвийн шууд захирагчаар Т.Гантөмөр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан дээрх үйлдлүүддээ тайлбар хийхийг түүнээс шаардаж байна. Төсвийн мөнгөнд хүйтэн сэтгэлээр ханддаг дарга нарын толгойг хэзээ болтол илэх вэ.

Г.Жүгдэр

http://www.toim.mn/article/298a62cg


URL: