Түр орлон гүйцэтгэгчээр 900 хоног ажиллаж буй Төрийн албан тушаалтны хууль бус үйлдэл
Монгол Улсын төрийн албаны хууль зөрчиж агентлагийн дэд дарга, даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон 30 сар буюу 900 гаруй хоног ажиллаж байгаа цорын ганц албан тушаалтан бол Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хуурай дүү Б.Билгүүн юм. Энэ нь Монгол Улсын иргэд хуулийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг устгаж мэдлэгтэй мэргэшсэн олон залуучууд шатлан дэвшиж сонгон шалгаруулалтад орох эрхийг таван жил гаруй хугацаанд хааж боогдуулсан авлигын шинжтэй бусармаг үйлдэл юм.
Стандартчилал, хэмжилзүйн салбарт бугшсан хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох талаар иргэд, төрийн албан хаагчдаас удаа дараа Монгол Улсын Шадар сайд, Төрийн албаны зөвлөлд санал гомдол хүргүүлдэг боловч эцэслэн шийдэж хариуцлага тооцохгүй байгаагаас хууль бус ажиллагаа даамжирсаар байна.
Б.БИЛГҮҮНИЙ БАЛАГ-1
Насаараа хэмжилзүйн салбарт ажиллаж тэтгэвэрт гарахад нэг жил үлдсэн төрийн албан хаагчийг ажлаас нь халж гудамжинд гаргажээ. Тодруулбал, В. Галсанжигмэд нь 1990 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн Архангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст Эзэлхүүн багтаамж, Цахилгаан, массын хэмжлийн гурван төрлөөр хэмжүүрийн улсын шалгагчаар ажиллаж байжээ.
Улмаар 2019 оны гуравдугаар сард Стандарт хэмжил зүйн газарт механикийн хэмжих хэрэгслийн улсын шалгагчаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж иржээ. Гэтэл энэ оны гуравдугаар сарын 31-нд “Түр дарга” Б.Билгүүн түүнийг ажлаас нь гэнэт халж, нийгмийн даатгалыг нь тасалдуулж, тэтгэвэр, тэтгэмжгүй болгох эрсдэлийг бий болгосон байна.
Хүн нас ахиж тэтгэвэрт гарах нь жам ёсны асуудал бөгөөд төрөөс туйлын энэрэнгүй хандах ёстой юм. Гэвч Б.Билгүүн эцэг шигээ настай хүнд дэндүү хатуу хандаж таван сар ажилгүй гудамжинд гаргасан байна. Б.Билгүүнтэй В.Галсанжимэд таван удаа уулзахаар ирэхэд нь хүнд суртал гаргаж, асуудлыг шийдэхгүй бярыг үзүүлж, эдийн засаг сэтгэлзүйн хувьд хүнд дарамтанд оруулсан байна.
Б.БИЛГҮҮНИЙ БАЛАГ-2
Хууль бусаар томилогдон ажлаасаа чөлөөлөгдсөн О.Оюунтуяад хэлтсийн даргын албан тушаалыг шинээр бий болгон дэвшүүлэн томилжээ.
Б.Билгүүн туйлын явцуу хүрээнд бүтцийн саналаа боловсруулж, Шадар сайдын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 32 тоот тушаалаар батлуулсан хэрнээ бүтэн дөрвөн сар нууцалж байгаад зуны амралтын үетэй давхцуулан наймдугаар сарын эхээр тушаал гаргаж, хууль бус томилгоонуудаа хийсэн байна. Өмнө нь “Түр дарга” Б.Билгүүний хууль бус томилгоонуудыг Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны нэгдүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгасан байна.
Шалгалтаар тус агентлагийн Тамгын газрын орон нутгийн төсөв санхүүгийн асуудал хариуцсан нэг ахлах мэргэжилтний албан тушаалд давхардуулан О.Оюунтуяаг, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Б.Эрхүүг томилсон шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлээгүй байхад төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилсон нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн тул тэрээр бүх тушаалуудаа хүчингүй болгож байжээ.
Чоно борооноор гэгчээр бүтцийн өөрчлөлтөөр далимдуулан Санхүүгийн хэлтсийг шинээр байгуулан нөгөө хаалгаар хөөгөөд явуулсан О.Оюунтуяаг нэр дэвшүүлж, уг хэлтсийн даргаар томилсон нь хамт олныг шоконд оруулсан байна. Хуулийн талаасаа энэ үйлдэл нь авлига гэж үздэг юм билээ. Б.Билгүүн өөрийн найз нөхдөдөө шинээр албан тушаал бий болгохын зэрэгцээ энэ салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагчдын албан тушаалыг бууруулж хохироосон хууль бус шийдвэрүүдийг гаргахаа мартсангүй.
Тухайлбал “Шинэчлэлийн түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Намжилын төрсөн хүү тус агентлагийн ахлах мэргэжилтэн, доктор Н.Батжаргал, газрын даргаар ажиллаж байсан мэргэшсэн хэмжилзүйч Д.Дамбасүрэн нарыг ээлжийн амралтаа эдэлж байхад нь албан тушаал, цалинг нь бууруулсан тушаал гаргасан байна.
”ТҮР ДАРГА”-ЫН ТОЛГОЙГ ИЛСЭЭР БАЙХ УУ
Стандартчилал, хэмжилзүйн салбарт бугшсан хууль бус үйлдлүүдийн нэг бол яах аргагүй “Түр дарга” Б.Билгүүний томилгоо. Энэ газарт “Түр дарга” засагласаар байгаад төрийн албан хаагчид туйлын бухимдалтай байна. Төрийн хуулийг ноцтой зөрчсөн Б.Билгүүнд хариуцлага тооцуулахаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 04/923 тоотоор Шадар сайдад саналаа хүргүүлсэн боловч хариуцлага тооцолгүй толгойг нь илээд өнгөрчээ. Үндэсний Аудитын газраас ажлын хэсэг байгуулан Стандарт, хэмжил зүйн газрын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, хууль тогтоомжууд зөрчсөн нэг тэрбум 39 сая төгрөгийн зөрчлийг нарийвчлан тогтоожээ.
Зөрчлийн дүн мэдээг Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн ч чимээгүй өнгөрчээ. Б.Билгүүн нь ийнхүү удаа дараа Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, энэ нь эрх бүхий байгууллагуудын шалгалтын дүнгээр баталгаажсан байх тул “Шинэчлэлийн түр хороо”-ноос 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 25 тоотоор Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцуулах талаар саналаа хүргүүлсэн боловч одоог хүртэл огт хариу өгөөгүй байгаа аж. Ийнхүү нэгэн улстөрчийн хуурай дүү Засгийн газрын нэгэн агентлагаар хувийн компани шиг тоглож байна.
Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нараа төрийн албаны дунд шатанд ийнхүү хууль засаглахгүй байна. Ийнхүү Агентлагийн “Түр дарга” хууль бусаар засаглаж байгаа нь ковидоос дутуугүй хоруу чанартай даруй цэвэрлэвэл зохих нян тул даруй хариуцлага тооцох нь зүйтэй юм.
Б.САНАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: