У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно

images

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэрхгэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн.  Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болгоно гэж бодож байгаа.

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий” гэв.


URL: