Ийм эгзэгтэй цаг үеэр ҮАБЗ хүнээ бус, модны тухай ярив
Өчигдөр YAБ3 хуралдана гэсэн мэдээлэлд иргэд талархаж, хавтгайраад байгаа халдвар, хоногт хорь дөхөж байгаа нас баралт, үнийн өсөлт, ядуурал гээд иргэдийнхээ туйлдаж байгаа амьдралыг одоо л нэг ярилцаж шийдвэрлэх нь гэж олзуурхав.
Гэтэл энэ хүсэн хүлээсэн сэдвийг бус мөнөөх тэрбум модны тухай хэлэлцэнэ гэсэн мэдээллээр иргэд цахим орчинд санал бодлоо илэрхийлсэн. Тэд “Мод ярьж байдаг цаг одоо мөн үү, иргэдийнхээ амьдрлыг эхлээд ярилцвал яасан юм” гэсэн санааг илэрхийлж, ҮАБЗ гэх гурвалыг мэдрэмжгүй байна хэмээн буруутгасан.
Дарга нарын ярьдаг сэдэв тэрбум мод гэх сэдвээр тэлж байгаа. Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих уриалгыг дэмжинэ, чадлаараа оролцоно. Энд улс төр, талцал аль нь ч хэрэггүй.
Гэхдээ цагийн байдлаа зөв үнэлж, асуудлаа эрэмблэнэ гэдэг улс төрчдийн ур чадвар, мэдрэмжийн асуудал. Өнөөдөр монголчуудын амьдрал, нийгмийн байдал мод ярих биш, иргэдээ яаж цар тахлаас хамгаалахав, халдварыг хэрхэн хязгаарлахав, нас баралтыг яаж бууруулахав гэдэг нь “номер-1” асуудал болчихоод байна.
Монгол Улсын 300 мянга гаруй иргэн Ковид-оор өвчилжээ. Эдгээрийн гуравны нэг нь буюу 100 мянган хүн зөвхөн сүүлийн нэг сард өвчилснөөс харахад халдварын тархалт ямар эрчимтэй байгаа нь анзаарагдана.
Мөн 1200 гаруй иргэн цар тахлын улмаас нас барж, сүүлийн нэг сарын турш хоногтоо 20 шахам хүн эндэж байна.
Үүний цаана хэчнээн олон гэр бүл өнчрөл хагацлын зовлон үзэж байгааг “Өндөрлөгүүд” ер нь бодож үзсэн үү.
Тэр УОК гэх онцгой байгууллага чинь “үхэх нь үхээд үлдэх нь үлдэг” гэсэн шиг хайхрамжгүй, хөндий хүйтэн, ихэрхүү байдлаар асуудалд хандаж байна.
Монгол Улс хамгийн сайн вакцинжуулалттай улсаар нэрлэгдэж байгаа ч нас баралт, халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Үндсэндээ вакциныхаа үр дүнг үрэн таран хийсэн улс.
Хэрэв санаагаар болдогсон бол ҮБАЗ энэ тухай л эхэлж ярьж, УОК гэх урагшгүй байгууллагынхаа чихийг мушгих ёстой байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.
Цөлжилт, бэлчээрийн доройтол… Ярьж дуусдаггүй байнгын сэдэв. Эрүүл иргэн, элэг бүтэн монголчууд л тэр яриад байгаа тэрбум модыг тарина. Тиймээс модноосоо түрүүлж монгол хүнийхээ эрүүл мэндийн тухай ярих ёстой байсан юм.
Сөрөг хүчнийхэн чинь төв талбай дээрээ нас барсан хүмүүсийн цогцосыг дууриалган эгнүүлж, өнөөдөр жагсаал хийхээ мэдэгдээд байна. Хэдийгээр “Монгол хүн билгээрээ” гэдэг ч аргаа барахдаа тийм шийдлийг сонгож, анхаарлыг чинь татах гэснийх байх.
Цөөхөн хэдэн монголчуудын маань цаг бусаар хорвоог орхиж байгаа энэ эмгэнэл эрх баригчдын засаглалд тооцох ёстой хариуцлага, тавих учиртай дүн шүү, иргэд минь.
Х.Тулга
http://www.toim.mn/article/2954858c
URL: