28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсжээ

28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 488 сая төгрөгийн үнийн дүн бүхий 987,041 ширхэг хувьцаа арилжсан байна.

28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Махимпекс”, “Э-Транс ложистикс”-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Увс чацаргана” (CHR -9.52%) болон “Монголын цахилгаан холбоо” (MCH – 6.89%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 52,371 ширхэг нэгж эрхийг нийт 22,239,071 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 40 ширхэг бондыг 4,000 ам.доллараар арилжигдсан байна.

“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН” НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн 14 тэрбум 250 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлт хувьцааг Санхүүгийн Зохицуулах Хорооны энэ сарын 22-ны өдрийн тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”  Монголд өндөр агуулга бүхий суурь болон үнэт металлын хайгуул, олборлолт, худалдан авалт, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, Канадад бүртгэлтэй уул уурхайн компани юм. 2018 оны зургадугаар сард Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлснээр Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон.

Нэмж гаргасан хувьцааны санхүүжилтийг Баян Хөндийн Алтны төслийн ашиглалтын шатны ажлыг эхлүүлэхэд ашиглана. Тус үнэт цаасны андеррайтерын компаниар “БиДиСЕК ҮЦК” ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, аудитын байгууллагаар “Кэй Пи Эм Жи” ХХК тус тус ажиллаж байна гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.


URL: