Шонхор агнаж буй Арабын иргэнийг нутгийн хүмүүс айлган сүрдүүлжээ
БОАЖЯ-ны зөвшөөрлөөр Төв аймгийн нутаг дэвсгэрт шонхор агнаж буй Арабын Нэгдсэн Эмират улсын иргэнийг нутгийн хүмүүс айлган сүрдүүлжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ”Гадаад улсын иргэн В.М-ээс 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр 10:00 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригадын нутаг дэвсгэр, Цайдам гэх газарт үл таних хүмүүст дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн 52 настай эрэгтэй В.М цэнхэр өнгийн мотоциклтой, үл таних хоёр хүн хутга тулган мөнгө дээрэмдсэн гэж мэдүүлсэн. Шалгалтын явцад дээрэмдсэн болох нь тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй. Дуудлага мэдээлэл ирүүлсэн иргэн айж сандарсандаа худал хэлсэн гэж мэдүүлгээ буцаасан” гэв.
Мөн Төв аймгийн Баян сумын Засаг дарга ”Манай нутагт нэгдүгээр отог нь байрлаж байгаа. Тэднийг нутгийн иргэд айлган, сүрдүүлсэн. Усны машиныг нь дээрэмдсэн тухай мэдээлэл сонссон. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактун ирнэ гэж байсан ч цуцалсан юм билээ. Тиймээс энд байрласан Арабууд нүүж эхлээд байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
БОАЖЯ-аас Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Михаммед Бин Рашид Аль Мактунтай гэрээ байгуулж Сүхбаатар, Хэнтий, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгаас нийт 30 хүртэлх тооны идлэг шонхор шувууг 2021 оны наймдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд соёлын зориулалтаар барих зөвшөөрөл олгожээ.
Энэхүү зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Нэг шонхорт 16 сая 400 мянган төгрөгийн төлбөр төлдөг аж.
URL: