Завхан аймагт баавгай адуу идэж, бамбаруушууд уулнаас бууж иржээ
Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн гэх дуудлага 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр иржээ.
Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, энэ сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Иймд малчин, ард иргэд :
- Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байж амь насаа хамгаалахыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Ташрамд мэдээлэхэд баавгай нь махаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна.
Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байжээ.
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
URL: