ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

c0nxy4i1

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ-

Манай улсын боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт хугацааны 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 70 орчим хувийг алдаад буй.

ЕБС-ийн сургуулийн сурагчид бүтэн нэг хичээлийн жилтэй тэнцэх хугацаанд теле болон цахимаар суралцжээ. Үндсэндээ хоёр жил шахам сургуулийн бараа хараагүй хүүхдүүдийг энэ жилээс танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллүүлж эхлээд байна.

2021 оны 08 дугаар сарын 19-нд Боловсрол, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/292, А/525 тоот тушаалаар цэцэрлэг, ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зохицуулалт хийж өгсөн. Уг тушаалд танхимаар хичээллэх үед гурваас дээш хүүхдэд халдвар илэрвэл тухайн давхар, жигүүрт байх бүх ангийг цахимд шилжүүлэхээр заажээ.

Ингээд хичээл эхэлсэн эхний долоо хоногт 505 ЕБС-ийн 514 мянган сурагч танхимын болон зайн хэлбэрээр суралцаж байгаад халдварын тохиолдол илэрснээс болж 100 сургуулийн 29 мянган хүүхэд гэртээ хөл хорионд оржээ. Тэгвэл дараагийн долоо хоногт нь буюу 09 дүгээр сарын 10-ны байдлаар 245 сургуулийн 43.3 мянган хүүхэд ковидын халдварын улмаас цахим сургалтад шилжсэн байна.

Монгол Улсад 1994 оноос хойш ажиллаж буй Хүүхдийг ивээх сангаас нийслэл болон орон нутагт байгаа нийт 555 эцэг, эхээс “КОВИД-19-ийн боловсролд үзүүлж буй нөлөө” сэдэвтэй судалгаа авахад 95 хувь нь хөл хорио хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Тэд хүүхдээ халдварт өртөх вий гэж эмээж байгаа ч танхимаар боловсрол эзэмшиж, нийгэмших нь илүү чухал гэж үзжээ.

Түүнчлэн Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгаанд “Хөл хорионы дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр ЕБС-ийн танхимын сургалт эхлэхэд орон нутагт 47,478 хүүхэд хичээл сургалтад хамрагдаагүй бөгөөд 1,450 сурагч сургуулиас хөндийрсөн” гэсэн байна. Зайн буюу танхимын сургалтаас үүдэн сургууль завсардах магадлал их байгааг дээрх судалгаанд онцолсон байна.

Харин UNESCO-оос “2021 оны байдлаар дэлхий даяар нийт хүүхдийн 91 хувь буюу 1.6 тэрбум хүүхэд цар тахлын нөлөөгөөр эрүүл мэнд, сэтгэл санаа болон боловсролоороо хохирсон” хэмээн мэдээлсэн юм. Үүнээс нэг тэрбум сурагч сурлагын хоцрогдолтой, бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байгаа аж.

Хүүхдийн маань хараа нь муудаж, амархан гутардаг, стресстэй болсон

Улс нийтээр тогтворгүй байгаа цаг үед хүүхдээ теле хичээлд хэрхэн суралцуулсан тухай эцэг эхийн төлөөлөл болгож дунд ангийн сурагчийн ээж Б.Буянхишигтэй ярилцлаа.

-Анх теле хичээлээр суралцахад хүүхэд тань хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Манай охин дөрөвдүгээр ангиасаа эхэлж теле хичээл үзэж, google classroom-ээр шалгуулж, facebook чаатаар ангийнхан болон багштайгаа холбогдож ирсэн. Одоо дунд ангид орж, олон багшаар хичээл заалгаж байна. Эхэн үедээ ойлголцохгүй, хоцрох тохиолдол маш их гарч байсан. Өглөөнөөс орой болтол л хичээлээ хийдэг, дуусдаггүй… Тухай бүрд нь нөхөж авах гээд амралтын өдрөөр ч ширээнээс босгохгүй л суулгадаг байлаа. Цахимд шилжиж, жигдэртэл бараг хагас жил зарцуулсан байх аа.

-Хагас жилийн дотор л асуудалгүй хичээллэдэг болчихсон уу?

-Зөвхөн арга барилаа олсон. Асуудалгүй гэж хэлж болохгүй байх аа. Одоо бодоход миний охин танхимаар хичээллэж, өдөр өнжүүлэхдээ явдаг байхдаа идэвхтэй, хөгжилтэй, их олон янзын юм санаачилдаг, зүгээр байлгадаггүй л хүүхэд байж… Гэтэл өнөөдөр нэг л бүрэг, юмнаас хойш суусан, дотогшоо болчихсон байна. Бид хичнээн агаар салхинд гаргаж, хөдөлгөөнтэй байлгах гэж хичээдэг ч төдийлөн үр дүнтэй байгаагүй. Харин одоо тав хоног ч гэсэн танхимаар хичээллээд эхлэнгүүт эргээд хөөрхөн яриасаг, идэвхтэй болж эхэлж байна.

-Цахимаар хичээллэх үед ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв?

-Хэт их цагийг дэлгэц ширтэж өнгөрүүлсэн тул нүдний хараа нь муудсан. Ойлгохгүй хичээлээ шууд гараа өргөөд асуух боломжгүй болохоор их л “нухдаг”. Гэр бүлээрээ оролдоод ч ойлгохгүй зүйл бас гарч л байлаа. Хамгийн уршигтай нь сэтгэл зүйн асуудал нь юм билээ. Хичээлийг яахав, нөхөөд сурчихна, харин ингэж төлөвшиж байгаа зан араншин, багахан зүйлд уцаарлаж байгаа сэтгэл зүйг нь нөхөж илааршуулна гэдэг урт хугацааны ажил бололтой. Бүр ингээд тогтчихож ч магадгүй шүү дээ.

-Бага, дунд ангийн сурагчдын бухимдал хэвийн түвшнээс өндөр байна гэж БШУЯ-ны судалгаагаар тогтоосон байсан. Энэ насны хүүхэдтэй айл бүрд мэдрэгдэж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Сэтгэл зүйгээс гадна хөдөлгөөний дутагдалд орох, цахим хэрэглээ ихсэх зэрэг асуудлууд тулгарч байна уу?

-Манай охин байх ёстой жингээсээ бараг 10 кг илүүдэлтэй. Эрүүл л байвал бусад нь ч дүүрчээ л гэж боддог. Цахим хэрэглээнд нь хяналт тавьж хэрэглээг нь хязгаарлахыг хичээдэг. Гэхдээ стресс бухимдлаас нь бага ч гэсэн холдуулах гээд найз нөхөдтэйгөө чааталж, хөгжилдөг гээд утсаа хэрэглэх чөлөөт цаг гаргаж өгдөг.

-Гэр бүлийнхэнд хичээл давтуулахад хэр хүндрэл гарч байв?

-Яг ажлаа хаяад хүүхдийнхээ хичээлийг хийлгээд нухаад байх нь гайгүй. Гэхдээ л орой очоод хичээлийг нь шалгаад, хийгээгүйг нь шахаж хийлгээд, зөв бурууг нь засуулах гээд өдөржин хичээллэсэн хүүхдээ дахин суулгах үе гардаг л байлаа.

-Цахимаар хичээллэхийн давуу тал нь юу байсан бэ?

-За, түгжрэлд л орохгүй юм даа. Бусад нь үнэхээр хүндрэлтэй байсан. Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд ер нь л адилхан байх. Харин ахлах ангийнхан болоод оюутнуудад давуу тал ихтэй байсан байх. Манай оюутан дүү цахим нь илүү амар, цаг зав их гардаг гэж ярьдаг.

-Бага ангийнхан хоцрогдолд орж байгаа судалгаа бий. Танай хүүхэд программын хоцрогдолд орсон уу?

-Ер нь их л хичээл зүтгэл гаргаж байж өмнө үзсэнийг нь мартуулчихалгүй байлгаж чадсан байх. Бараг хоёр жилийн хугацаанд сурсан зүйл нь танхимаар бол нэг жилд л багтаагаад үзчихмээр… Тэгэхээр хүүхдүүд бүхэлдээ нэг ангиар улирснаас ялгаагүй боллоо гэж боддог. Гэхдээ ганц манай хүүхдэд тулгарсан асуудал биш, улс даяар ийм байгаа болохоор боловсролын бодлого нь дагаад уян хатан болох байх.

Монгол Улсын иргэний хувьд хүүхдүүд амьд явах үндсэн эрхтэйн адилаар сурч боловсрох эрхтэй. Сурч боловсрох таатай орчноор хангах, цар тахлын үед ч дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэн боломжит эрсдэлийг бууруулах үүрэг харин төрд бий. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын хэмжээнд цар тахлаас шалтгаалан хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчихгүй байхад уриалсаар байгаа билээ.

#ЭрхээЭдэлье аяны хүрээнд хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНДээс сонсоно уу.



Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв. 

Коронавируст цар тахлын үед хэрэгжсэн захиргааны шийдвэрүүдээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн явдал, эрхийн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулахаар зорьж буй аяны тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн Фэйсбүүк хуудаснаас авна уу.


URL: