Монголын Үндэсний олимпийн хороог хэн нь толгойлох вэ

Noc65yearslogo-472x308Монголын Үндэсний олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчийг 11 дүгээр сарын 30-нд тодруулна. Тус холбооны ерөнхийлөгчид олон хүн нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа ч томилгоонд нь улстөрийн нөлөө орж зарим хүнийг нэрээ татахыг шаарджээ.

Мэдээж МҮОХ гэх газар бол маш том байгууллага төдийгүй улстөрчдийн дамжин өнгөрөх цэг болсон нь нууц биш. Учир нь улстөрчид спорт хороодоор дамжиж улстөрд дархлагдах, нэр нөлөөтэй болох гэж олон ч зүйлийг өнгөрсөн хугацаанд хийж амжуулсан. Тиймдээ ч спорт холбоодын ерөнхийлөгч нар бүгд улстөрөөс угшилтай хүмүүс байгааг бид харж, шүүмжилсэн ч тэд одоо бүр даварч МҮОХ-г өөрсдийн болгохоор зүтгэж байна. Эдгээрийн нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга.

Хэдийгээр мань хүн Монголын жүдочдыг дэлхийд таниулж олон ч медалийг эх орондоо авчирсан буянтан боловч түүний санаа зорилго огт өөр гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Учир нь тэрбээр жүдогийн холбоогоор дамжиж Монголын улстөрд төдийгүй энэ улсын Ерөнхийлөгч болсон нэгэн.

Тэгвэл Х.Баттулга МҮОХ-г өөрийн мэдэлдээ авч улстөрд дахин ашиглах зэвсгээ болгохоор зэхэж буй бололтой. Түүний энэхүү хандлагыг мэдсэн МҮОХ-ныхон ихэд дургүйцсэн ч Х.Баттулгыг дэмжих талынхан ихэнх нь байгаа учраас эсэргүүцлээ ил гаргаж чадахгүй хий дэмий л бухимдаж, өөр хоорондоо ярьцгааж буй аж.

Гэхдээ түүнтэй эн тэнцүү өрсөлдөх нэг хүн бол Х.Баттулгын заналт дайсан УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг. Тэрбээр экс ерөнхийлөгчийг бодвол олимпийн хороондоо дэмжлэг сайтай ч түүнийг дэмждэг хүмүүсийг эксийн талынхан нам дарж, болж бүтэхгүй зүйлээр нь барьцаалсан гэх мэдээлэл бий.

Хэдийгээр нөхцөл байдал тийм ч гэлээ эцэгтэй нь эртнээс өстэй Х.Баттулгын өөдөөс зоригтойхон дуугарч түүнтэй ана мана үзсээр ирсэн Б.Баттүшигийг гадна, дотны түншүүд нь дэмжинэ гэдгээ илэрхийлж түүнийг МҮОХ гэх том айлын ерөнхийлөгчид нэр дэвш гэж ятгах болжээ.

Тэгэхлээр ирэх сарын 30-нд болох МҮОХ-ны ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг гэх хоёрхон хүнээс өөр сонголтгүйгээр тэд хоорондоо үзэлцэж гишүүдээ ч өөртөө татах ажиллагааг одооноос хийж эхэлсэн байна. Нөхдүүдийн хооронд ширүүн тулаан өрнөх нь ойлгомжтой ч олимпийн хорооны  унаад буй нэр хүндийг өөд өргөөд, өө сэвгүйхэн шиг аваад явчих  хүн тэргүүлээсэй гэж нийт монголчууд хүсч буй нь ч тодорхой.

https://erennews.mn/article/49682


URL: