МҮИС үнэхээр сайн сургууль юм бол “Үндэсний” гэх үгтэй ингэтлээ зууралдах хэрэг байгаа юм уу

1630561995613066cb579caМонголын Үндэсний их сургуулийнхан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байгаагаа сүржин мэдээлэл хийж мэдэгдсэн.

Ер нь энэ сургуулийнхан үе үе улстөрждөг гэмтэй. 2018 оны сүүлчээр  Дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас 3 га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд  эсэргүүцэл илэрхийлж жагсаж байв.

МҮИС-ийн удирдлагын зүгээс “БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-ны өдөр их, дээд сургуулиудын талаар мэдээлэл хийхдээ Монголын Үндэсний их сургуулийг “луйвар хийдэг” гэж цоллосон гэж буруутгав.

Тэр луйвар нь Монголын Үндэсний их сургууль гэх нэр. Хэрэв үнэхээр үндэсний гэх тодотгол байх ёстой бол Монгол улсын ууган их сургууль МУИС үүнийг эзэмших ёстой гэдэг нь тов тодорхой зүйл. Үүх түүх, нэр хүнд, сургаж төгсгөсөн боловсон хүчин гээд тоочвол барагдахгүй.

Сайд Л.Энх-Амгалан МҮИС гэсэн нэрийг  буцааж авах хэд хэдэн үндэслэлдээ “Энэ бол монгол төрийн өмч” гэдгийг тодотгож буй.

Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг англи хэл рүү орчуулахад  Монгол Улсын их сургууль гэдэгтэй ижил орчуулагдана. Энэ нь нэгдүгээрт, МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа гэдгийг сайд сануулсан.

Үнэхээр МҮИС тийм нэр хүндтэй мундаг сайн сургууль юм бол нэрээ солихоос цэрвээд байх шаардлага байхгүй. Хэл амны бай болоод байгаа “Үндэсний” гэх тодотголтой зууралдаад  баймааргүй л санагдах юм.  Элсэгчдийн хувьд  “Ү”, “У”  үсгийг эндүүрээгүй байж болох ч “Үндэсний”  гэх тодотголоор элсэлтэндээ нэмэр хачир хийж  ирсэн нь үнэн юм.

Ер нь МҮИС гэсэн нэрийг эргүүлж авах асуудал ганц  энэ удаа яригдаж байгаа биш. Харин эрчимтэй бөгөөд тууштай  гарган тавьж, өөрөөр хэлбэл ажил хэрэг болгохоор зүтгэж буй нь Л.Энх-Амгалан сайд юм.

Монголын төрийн өмч хэмээн тодотгож буй нэрийг буцаан авах асуудлаар МҮИС-ийн төлөөллүүд мэдээлэл хийхдээ нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдж сайдыг уучлалт гуйхыг шаардсан.

Харин үүний хариуд  Л.Энх-Амгалан сайд “Монголын үндэсний их сургууль хэмээх нэр монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглосон заалтыг тусгасан талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн. Уг хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх юм.

 М.Бат

Toim.mn


URL: