Эмэгтэйлэг эрчүүдийг телевизээр гаргахыг хориглолоо
БНХАУ-ын эрх баригчид эмэгтэйлэг дүр төрхтэй эрчүүдийг телевизийн эфирээр харуулахыг хоригложээ. AP News энэ талаар мэдээллээ. Телевизүүдийн удирдлагуудад энэ шаардлагыг бичгээр хүргүүлсэн бөгөөд хэрэгжээд эхэлсэн гэнэ. Телевизийн дэлгэцээр их гардаг дуучид, жүжигчдийн гадаад дүр төрх, ааш аяг зэрэг нь өсвөр үеийнхэнд эршүүд байх үлгэр жишээ үзүүлж чадахгүй байгаа гэж үзсэн учир ийм шийдвэр гаргажээ.
Одооноос эхлээд урд хөршийн телевтизүүд нэвтрүүлэг, ярилцлагын шоундаа зочин урихдаа, мөн эфирт гаргах ааш аягт шалгуур тавих ёстой болж байна.
Түүнээс гадна агуулгын маш том цензур орж ирсэн нь эд баялаг, алдар нэрийг сурталчлахыг хориглосон явдал юм. Мөн хүний амин хувийн амьдралыг агуулгаас хасжээ. Энэ нь улс орны үнэ цэнийг илэрхийлэхгүй гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна. Оронд нь Хятадын уламжлалт соёл, хувьсгалт соёл, социализмын дэвшилтэт соёлыг түлхүү үзүүлэхийг үүрэгджээ.
БНХАУ-ын эрх баригчид үүний өмнө 18 насанд хүрээгүйчүүдийг долоо хоногт 3 цагаас илүү видео тоглоом тоглохыг хориглосон юм.
URL: