Танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байна!

МХЕГ: Улаанчулуутад ил задгай хаясан эмнэлгийн хог хаягдал COVID-19-тэй  холбоогүй

Covid-19 халдвараар өвдсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг ердөө хоёрхон сарын өмнө гарч байв. Дөнгөж  35-тай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хандахад харъяа биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлээгүйн улмаас амиа алдсан. Дүгнэлтэд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ. Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байв.

Уг нь тэр эмнэлэг  тусламж хүсээд ирсэн ямар ч иргэнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Гэтэл харин ч эсрэгээрээ анхан шатны тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа нас барсан залууг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь архи уугаад олон хоносон гэх мэтээр гоочилж байлаа. Энэ бол эрүүл мэндийн салбарын өнөөгийн үнэн төрх. Түүнтэй адил өчнөөн хүн гэртээ эмнэлгийн тусламж авч чадахгүй амь тавьж байна.

Иймэрхүү хүнд суртал одоо ч хэвээрээ төдийгүй бүр даамжирсан, цах тахлаар эмч нар бизнес хийж байгааг Шадар сайд С.Амарсайхан өөрөө мэдэгдсэн юм.  Тэрбээр “Цар тахлын үeд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс ашиг хонжоо харж, эмчилгээ оношилгоог бизнeс болгох байдал гаарч хэрээс хэтэрлээ. Ковидын үeийн эмнэлэг байгуулна, гүйцэтгэлээрээ санхүүжүүлж байшин барилга авъя, эм тариа бэлэн байна гээд өвчин зовлонгоор бизнeс хийдэг байдлыг ЭМЯ, нийслэлийн ЭМГ таслан зогсоо” гэсэн билээ.

Цар тахлаар далимдуулан эмнэлгийн салбарынхан маань зовлонг зоос болгож байгаа нь худал биш.

Жишээ нь, Covid-19 халдварын онош нь батлагдсан иргэн Д нь Баянзүрх дүүрэгт харьяалалтай ч Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Уг нь эмч нарын хэлдэг “харъяалал” гэх хүйтэн хөндий, албаны үгээр бол иргэн Д нь Баянзүрх дүүрэгт эмчлүүлэх ёстой.

Гэтэл харъяаллын бус эмнэлэгт очоод хэвтэж байна гэдэг нь танил тал тэнд үйлчилж байна гэсэн үг. Харин танилгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нохой шиг гудамжинд нас барах юм уу гэртээ эмч ирэхийг хүлээсээр амиа алдана.

“Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гэх шалтгаанаар өрхийн эмнэлгүүд утсаа авдаггүй. Танил талгүй бол хэвтэх эмнэлэг байтугай үзэх эмч ч олдохгүй.  Эмнэлгийн салбарын энэ мэт танил тал, өнгө мөнгө харсан хандлагаас болж хэчнээн хүн гэртээ амиа алдсан бэ гэх асуулт тавигдахад хүрч байна.  Эмч, эмнэлгүүдийн танил талаа харсан, цар тахлыг бизнес болгож буйтай уг нь УОК болон ЭМЯ тэмцэх ёстой. Хэн хаана бизнес болгож байгааг илрүүлж, хариуцлага тооцох нь тэдний үүрэг. Гэтэл цар тахлаар бизнес болгож байна гээд УОК-ын дарга нь бухимдаад сууж байх жишээтэй.

Өнгөрсөн хугацаанд иргэд энэ талаар хангалттай мэдээлэлтэй болсон агаад түүний дотор хамгийн их ойлгосон зүйл бол халдвар авсан тохиолдолд суурь өвчтэй хүмүүсийн өвчнийг сэдрээдэг, илүү хүнд тусдаг гэдгийг мэддэг болсон явдал. Үүнийг ч шинжлэх ухаанаар баталсан гэдгийг өөрсдөө тайлбарлаж байсан. Тиймээс л ахмад настуудыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал гэдгийг ДЭМБ ч анхааруулж буй.

ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээлэлд Covid-19 халдварын улмаас эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй гэх.

Засгийн газар, Эрүүл мэндийн яам тахлын сураг чимээ сонстож эхэлсэн цагаас тэмцэж эхэлснээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч бэлтгэл мененжмэнтгүй, уялдаа холбоогүй, ажилчид нь хүч тарамдсан, стандарт дүрэм нь хөл толгойгоо алдсан хэвээр. Товчхондоо, Засгийн газар иргэдээ  үхэх нь үхэж, сэхэх нь сэх гээд хөсөр хаячихлаа.

Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байсан ч дахин нэмж ор дэлгэхгүй гэж Эрүүл мэндийн яам  мэдэгдээд буй.  Хүн амын дунд Covid-19 халдварын Дельта хувилбар тархаж,  халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор эрээд олддоггүй эрдэнэ болж хүний амь  зоосны ч үнэгүй боллоо. Муугаар бодоход эмнэлгийн тусламж авч чадалгүй хүний амь эрсдэлээ гэхэд  “хавсарсан суурь өвчтэй”, “архи хэтрүүлэн хэрэглэсэн” гэх тайлбар төдий үг хэлж суудаг хурган дарга нартай. Үүнээс л монгол хүний амь нас ямар үнэ цэнтэй вэ, эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрх ямаршуухан байна вэ гэдгийг харж болохоор. Өвдсөн хүмүүс гэртээ л тестээр өөрийгөө, гэр бүлээ оношилж, эмийн сангаас эм авч эмчилдэг болоод удлаа.

Өвчин хүндрэх эсэх нь эмч нарт огт хамаагүй, ор байхгүй, ачаалал хүрэлцээгүй гэх үгээр ам таглана. Үнэхээр ч ачаалал ихтэй, ор хүрэлцэхгүй байгааг ойлгож буй ч хөнгөн өвчтөнүүд нь танил талаараа түрий барин эмнэлгийн ор эзэгнээд хүнд өвчтөнүүдээ хөсөр хаясаар байх уу.

Цар тахлын ийм л  гашуун цаг үед  танилтай нь амьдарч, танилгүй нь үхэж байна. Ийм жишиг хэдий болтол үргэлжлэх вэ? Улсын хэмжээнд өнөөдөр халдвар авсан хүний тоо 200 мянга давж, нас баралт 1000 гарч байгаа нь цөөхөн хүн амтай монголчуудын хувьд том тоо биш гэж үү. Цаашид тахалд хэчнээн хүнээ зуурдаар алдахыг хэлж мэдэхгүй.


URL: