Монгол аваргууд сүмог өргөж явна
Ингэж хэллээ гээд юу нь буруудаа аж. Үнэн юм чинь Японы үндэсний бөхийн төрөл сүмог сүүлийн 20 гаруй жил Монголын хүчитнүүд л толгойлж ирлээ шүү дээ. Сүмогийн түүхнээ 68 дахь аварга Асашоерюү Д.Дагвадоржоос эхлээд Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Харүмофүжи Д.Бямбадорж гээд л архайлцаад гарч ирсэн. Энэ завсар 72 дахь аваргаар Японы ганц найдвар гэгдэж байсан Кисеносато л төрсөн. Үнэнийг хэлэхэд үе үеийн монгол аваргуудтай тэр л хааяа өгөө аваатай олон жил барилдсаныг үнэлж бүгд дэмжиж түүнд аварга гэдэг цолыг өгье дөө гэж л өгсөн дөө. Харин аварга цол хүртээд тэр түрүүлэх байтугай нэг удаа ч олигтой барилдаагүй дэвжээнээс буусан нь бас нэг үнэн. Тэгвэл дээрх монгол аваргууд доод тал нь 5-6 түрүүлчихсэн байдаг.
Хакүхо гэхэд 44 түрүү авч онцгой амжилтын эзэн болсон. Тэгвэл өнөөдөр сүмогийн аваргуудын түүхийг дахин монголчууд үргэлжлүүлж байна.
2017 оноос хойш аварга цолтон төрөөгүй байсан бол Хэсэй эриний анхны ёкозүнагаар мөн л монгол сүмоч тодорлоо. Тэгэх байтлаа сүмогийн түүхийг бүр сонин хуудсаар баяжуулав. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолтой барилдаж байгаад хүнд гэмтлийн улмаас цолоо алдаж жонидан хүртэл зиндаа буураад богинохон хугацаанд дээд зиндаандаа эргэн ирж аварга цол хүртсэн анхны сүмоч болов.
Тэгээд одоо энэ намрын тэмцээн буюу Аки башёг тэргүүлэн барилдаж байна. Китанофүжигийн хэлснээр энэ башёд түүнийг зогсоох хүн байхгүй бололтой. Их аварга Хакүхо эзгүй. Түүний дэвжээний бөхчүүдээс “Сovid-19” илэрч дэвжээгээрээ Аки башёг өнжиж байгаа юм билээ. Өнгөрсөн ням гарагт тэмцээн эхлэхэд нэг л содон өнгө харагдсан нь Тэрүнофүжи онцгой байна лээ. Тэр эхний өдөр хамгийн хүнд жинтэй. Бас бяртай гэгддэг энэ башёд комүсүби цолтой зодоглож буй Ичиножёо А.Ичинноровтой учраа таарахдаа түүнийг яг л хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг дөнгөж барьц аваад л түлхчихнэ лээ. Аварга цолтонтой хэн үзэлцэх ёстой вэ гэвэл озекинууд. Гэтэл озеки Шёодай, Такикейшёо нар тэмцээний эхний өдрөө залуучуудад уначихлаа. Тэд тун сулбагар харагдана лээ. Харин секиваке Митакаүми болон Хүктофүжи нар гайгүй байна уу даа гэмээр. Гэхдээ тэдэнд Тэрүнофүжиг зогсоох хүч байхгүй биз. Цагтаа озеки байсан Такиясү комүсүби цолтой боссон. Даанч томчуудын дайсан болоод байгаа Вакататакигийн барилдааны хурдыг гүйцэлгүй сөхөрчихнө билээ.
Аки башёгийн дээд зиндаанд найман монгол сүмоч барилдаж байгаагаас Ичиножёо,Чиёошома болон дээд зиндаанд анхны барилдаанаа хийсэн Миторюү С.Төрболд нараас бусад нь эхний даваагаа авсан. Хоошёорюү С.Бямбасүрэн гэхэд озеки Шёодайг гурав дахиа давсан бол магиширагийн хоёроос боссон Кирибияма Лхагвасүрэн секиваке Мэссейг төвөггүйхэн дэвжээнээс гаргачихна лээ. Тамаваши Г.Мөнх-Оргил чансаагаа тун хурдан ахиулж хэр бөх болох вэ гэдгээ шалгуулах үедээ яваа залуу бөх Котоновакад ёстой л “хичээл заана” гээчийг үзүүлж өөрийгөө огт хариагүйг харуулав. Ийнхүү Аки башёд монгол сүмочид тун гялалзтал барилдах янзтай намрын тэмцээнийг эхлүүллээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: