6 баллаас хэтэрвэл барилгад ЭВДРЭЛ ҮҮСЭХ, 10 баллаас хэтэрвэл барилга байгууламж НУРАХ аюултай
Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлж байна.
3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан сэрэмжлүүлгийг хүргэе.
Газар хөдлөлт болохын өмнө
- Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
- Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
- Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
- Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
- Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
- Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
- Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
- Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
- Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
- Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
- Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
- Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
- Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
- Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
- Галын хор ашиглаж сурах
- Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
- Газар хөдлөх үед гадна байгаа бол:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелээс холдох, ил задгай талбай олох
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
- Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
- Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
- Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
- Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
- Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
- Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
- Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
- Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
- Нуранги доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
- Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашхирах, ямар нэгэн юм нүдэх/
- Гал гаргаж болохгүй
- Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
- Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
- Цахилгаанаа яаран бүү залга
URL: