Цахим луйвар хийсэн хятад иргэдэд 4-5 жилийн ял оноолоо
Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахим луйвар хийсэн гэгдэх БНХАУ-ын зургаан иргэнд шүүхээс ял оноолоо.
Тэдэнд холбогдох хэргийг цухас дурдвал өнгөрөгч 2019 оны аравдугаар сард Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлуудаас олон тооны хятад иргэнийг баривчилсан байдаг. Улмаар Хятадын 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, зургаан хүнд хэрэг үүсгэсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны есдүгээр сарын 01-ний өдөр товлогдон, хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
- Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хорих,
- Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих,
- Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж, Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих, Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
URL: