“Сахал” Д.Эрдэнэбилэг эрх баригчдад Э.Долгионоо хаяж өгч тохуурхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ынх уу, АН-ынх, МАНАН бүлэглэлийнх үү гэх асуулт улс төрийн хүрээнд шуугиан тарьж байна. Урваж, шарвахдаа сурамгай Л.Оюун-Эрдэнэ хүнээс хүнд, бүлэглэлээс бүлэглэлд урвах нь хэтийдээд намаас намд намын даргын тамгатайгаа хэсүүчилж явна.
Түүнийг Тусгаар тогтнолын ордны үүдээр хийморьтойхон шиг хөөгөөд гаргачих амьд амьтан МАН-д алга.
Л.Оюун-Эрдэнэд алгуураар самруулж, цагтаа цаст уулын цагаан барс явсан Н.Энхбаярт идүүлж буй эрх баригч намын хувь заяа 100 жилийн ой дээрээ генсэкийн суудалд тухалсан Говь-Алтайн хөх залуугийн гарын салаагаар элс мэт урсч байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Л.Оюун-Эрдэнэ гадаадад сургууль төгссөн залуусыг зөвлөхөөрөө авч, олон нийтээс алга ташилт сонсч байсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүн болмогц олимпийн аварга, “зодоонч” Н.Түвшинбаярыг зөвлөхөө болгон олныг алмайруулсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хуурай дүү гэгддэг Н.Түвшинбаяр АН-ын батлахтай. Энэ хоёр хүнийг салгаж ярих амар биш.
Эндээс л МАН хүний нөөцийн хомсдолд орчихсон мэт томилгоонуудыг хийж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд улам бүр бантан болж байна.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буулгах сценарийг бичиж, удирдсан хүнээр нэрлэгддэг, АН-ын пиарчин А.Амундраг эрх баригч намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилсон нь эл намд дайны эрсдлийн даатгалын сангийн хөрөнгөөр тоглосон гэгддэг Голомтын Д.Баясгалан нэмэгдсэнийг харуулсан явдал болсон.
А.Амундра өмнө нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, М.Энхболд нарын пиарыг хариуцаж ажиллаж байсан бөгөөд тэд бүгд ялагдал хүлээж байв. Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдын сурталчилгааг хариуцсан ч амжилт ололгүй хамраар нь газар хатгуулсан. Эцэст нь АН-ын амин судсыг тасдаж, хэсэгчилж тараагаад Амундра нэр нь Ам+Ундраа болоод МАН-д ирсэн нь энэ…
Дээр нь “Херо”-гийн Б.Баатар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Тендэрийн мангас болсон гэгдэх тэрбээр үзэгчгүй наадам найруулж, мөнгө төгрөг гэдгийг тоос хадтал босгож чаддаг гэдгээ харуулж яваа элдэвтэй эр. МАН-ын ахмадууд намын даргынхаа ахыг “зажлалгүй залгиж, дүлэлгүй баах” нөхөр хэмээн тодорхойлсон байна лээ.
Ийнхүү Ардчилсан намын сайн эрсийг эргэн тойрондоо шингээж явсан Л.Оюун-Эрдэнэ эцэстээ эздийг нь, энд тэнд гийналдах “гөлөгнүүдтэй” нь чирч ирэв.
Гуя дагуулж хүзүү гэгчээр АН-аас Ногоон нуур, 32-ын тойрог орчимд нэр дэвшиж явсан “Bloomberg”-ийн тодотголтой Э.Долгион ч эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөгөө өгөхөөр зайдагнаад авав.
Саяхан л Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж, 49 хувь эзэмшигчдийг хөөж туугаад байсан Хэнтий нутгийн эрс Худалдаа хөгжлийн банкныхны халаасанд багтаж, хэтэвчний хараат болсон шүү гэдгийг элэглэн зарлаж буй сахал хочит Д.Эрдэнэбилэгийн тохуурхал энэ биз дээ. Түүнээс Э.Долгион гэх жирэмсэн эмийн шээх газраас хол алхахгүй, жижиг тугалын бэлчих газраас цаашихыг харж дийлэхгүй нимгэн бөгөөд нөмгөн эр Монгол Улсын Засаг захиргааг зөвлөн тохинуулна ч гэж юу байхав. Энэ бол энэ улс орныг хэтэрхий басамжлан доромжилсон томилгоо юм.
Сумын уурын зуухны галч хүн улс төрд шат ахиж, улс орноо өөд нь татаж болохгүй юу хэмээн уйлан дуугараад байсан Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн түүхтэй намаа насны ой дээр нь булшилж, тэмцэнэ дуусгана гээд байсан МАНАН бүлэглэлийнхээ хатавчинд хамраа дөрлүүлэн хөтлүүлээд суух хөөрхийлөлттэй эр байж.
Өсөхийн өлөн арилдаггүй, хургандаа цадаагүй бол хонь болсон ч майлсаар байна зэрэг айхтар үгсийг энэ зуурт саная.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хөндөхтэй зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллага тагнаж, чагнасан дуулиан дэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Тагнуулын дарга Д.Гэрэлд хэн үүрэг өгөв, яагаад “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал тогтоосон үетэй давхцав. Юуны учир “онц дэглэмийн дарга”-ын ажлыг шалгах, тогтоох хүнийг томилох болсон. Тэр нь яагаад заавал Я.Содбаатар, Ж.Энхбаяр гэж… гээд олон асуулт хөвөрч байсан өдрүүд рүү санах ойгоо гүйлгэе.
Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг нь Эрдэнэт үйлдвэр байв. Тэрбээр хөндөх төдийд өрвөлзөж, шарваганаж, дуулиан дэгдээнэ. У.Хүрэлсүхийн ажиллагааны эсрэг “гудамжинд” явсан Ж.Батзандан ил гарч “Эрдэнэтийн 49 хувийнхан Л.Оюун-Эрдэнийг зайлуулах ажиллагаа явуулж байна. Түүнийг холдуулж 49 хувийг халааслаад үлдэх нь” хэмээн попорч байлаа. Улмаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг зүгээр үлдээхгүй гэдгээ зарлаж, гэнэтхэн Д.Гэрэл гэж хүн энэ Монголын хамгийн новшийн тагнуулч гэгдэн хэвлэлээр нүдүүлсэн.
У.Хүрэлсүх ч нүднээс далдуур дүүдээ хоёр ч удаа нударганы амт үзүүлж, “Эрдэнэс Монгол”-ын захирлыг шинэчлэн, төрийн өмчит компанийн удирдлагуудыг Шадар сайд Я.Содбаатарын гарт атгуулсан. Энэ мэт жүжгээ үнэмшилтэй болгохын тулд Х.Баттулгатай ам мурийж, буруу харан амьсгаадаж байв.
Бүлэглэлүүдийн эл драмыг, давааны цаадах даваанд боохойтой нийлсэн өлсгөлөн ноход бүгж, хоттой хонь руугаа мөлхөж байсныг харамсалтай нь тахлын хөл хориогоор тархиа базуулчихсан монголчууд бид анзаарсангүй.
Өсөхийн өлөн нь дарагдаагүй хулгайч нар “Хулгайчийг бариарай” гээд хашгирч байсныг нь мэдсэнгүй.
Одоо харин баруун зүүн мөрөн дээр нь барьцаа ахиулж хумсаа шигтгэн суусан баялгийн хулгайч бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнийн гар, У.Хүрэлсүхийн тархиар Эрдэнэтээс ч илүү зүйл рүү орохоор төлөвлөж, улаан цагаандаа гарсан тоглолтыг ийнхүү хийж эхэллээ. Үүний нотолгоо болж тун удахгүй, магадгүй өнөө маргаашгүй монголын баялгийг дарж хэвтсэн бүлэглэлүүдийн ширүүхэн зодоон эхэлж, гэдсэндээ хөлөө жийлцэн уралцах нь тодорхой биз.
Харин баялагтаа эзэн байх хувьгүй, амны хишиггүй монголчууд бид хичээл сургууль цугласнаас болж хүүхдүүдийн дундах халдвар ихэслээ хэмээн тулга тойрон шаагилдаж, урд хормойгоо өшигчин гүйсээр бахь байдаг амьдралдаа гурилтай шөлөө идээд үлдэнэ…
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо
URL: